Майкрософт компани өөр дээрээ хиймэл оюун ажиллуулах чадвартай зөөврийн компьютер танилцууллаа

img

 

Майкрософт компани Лхагва гарагт Nvidia компанийн хиймэл оюуны чипээр тоноглогдсон, $2,500 гаруй үнэтэй шинэ Surface Ultra зөөврийн компьютероо танилцуулжээ.

Энэ нь тус компанийн хүрэхээр зорьж буй “hybrid intelligence” эрин үеийг чиглэсэн алхам болж байна.

Одоогоор хиймэл оюуны тооцооллыг хүмүүс ихэвчлэн үүлэн технологид суурилсан алсын зайн дата төвүүдээр гүйцэтгүүлдэг.

Харин сүүлийн үед технологийн компаниуд энэхүү удаан бөгөөд өртөг өндөртэй шийдлээс татгалзаж, бүгдийг офлайн орчинд буюу төхөөрөмж дотроо гүйцэтгүүлдэг болох хандлагатай байгаагийн нэг илрэл Surface Ultra болж байна.

Нөгөө талаар энэ нь хиймэл оюуны хувьсгалын хөдөлгөгч хүч болсон дата төвийн процессоруудыг үйлдвэрлэдэг Nvidia компанийн хувьд олон арван жилийн турш Intel, Qualcomm компаниудын ноёрхож ирсэн персонал компьютерын зах зээлд нэвтрэх эхний алхам болж байгаа юм.

“Миний хувьд цаашдын чиг хандлага маш тодорхой харагдаж байна. Бид хэзээ нэг цагт ‘ өө энэ нь дотоод (local), энэ нь гадаад (cloud) орчинд ажилладаг юм байна’ гэж ялгаж салгахаа болих цаг ирнэ. Харин энэхүү ‘hybrid intelligence’ систем хаа сайгүй, бүх зүйлд нэвтэрсэн байх болно” гэж Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла өчигдөр Сан-Франциско хотод болсон арга хэмжээний үеэр хэлжээ.

Түүнтэй хамт тайзан дээр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан гарч ирээд ирээдүйн талаар төсөөллийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Ялангуяа “Agentic AI” буюу бие даан ажиллаж, хяналтгүйгээр даалгавар гүйцэтгэхээр программчлагдсан системүүд ирээдүйн программ хангамжийн хөгжүүлэлтийн гол цөм болохыг Хуан онцолжээ.

АНУ-д төвтэй технологийн хоёр аварга компанийн энэхүү хамтын ажиллагаа нь тэдэнд персонал компьютерын зах зээлд Apple, Intel, AMD компаниудтай өрсөлдөх боломж олгож байна.

Apple компани есдүгээр сард Mac mini болон Mac Studio гэсэн хоёр ширээний компьютер танилцуулсан бөгөөд эдгээрийг хиймэл оюуны тооцооллыг дотроо боловсруулах чадвартай, хүчирхэг, шинэ сонголтууд хэмээн сурталчилж байв.

Шинэ Surface Ultra зөөврийн компьютер нь энэ оны эхээр Nvidia компанийн танилцуулсан орчин үеийн чип болох RTX Sparc-ийг дотроо агуулсан юм байна.

$2,599-ээс эхлэх үнээр аравдугаар сарын 16-ны өдрөөс худалдаанд гарах гэнэ.

 

Уг компьютер нь хиймэл оюуны зарим даалгаврыг дотроо, заримыг Майкрософтын үүлэн технологид суурилсан алсын зайн үйлчилгээг ашиглан гүйцэтгэдэг байх ажээ.

“Бид үүнийг техникийн хязгаарт тултал ажилладаг хөгжүүлэгч, бүтээгчдэд зориуллаа” гэж Майкрософтын Windows болон Төхөөрөмж хариуцсан дэд ерөнхийлөгч Паван Давулури хэлсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө Майкрософт өөрийн Word, Excel, Powerpoint бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюунт туслагч Copilot-ийг нэвтрүүлж байгаагаа зарласан юм.

Хиймэл оюуны тэргүүлэх компаниудын нэг OpenAI-гийн хамгийн том хөрөнгө оруулагч Майкрософт байдаг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Майкрософт хиймэл оюуны чиглэлд тус компаниас хамааралгүй болохыг зорьж байгаа. Тухайлбал өнгөрсөн онд эдгээр компаниуд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэхдээ Майкрософт нь OpenAI-ийн технологийн лицензүүдийг 2032 он хүртэл онцгой эрхгүй (non exclusive) ашиглахаар тохиролцож байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ