БНСУ Украины дипломат маргаан хурцдаж, Сөүл элчин сайдаа татахаар болжээ
Украин улс Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост хүлээлгэн өгснөө нууцлахаар тохиролцсон ч олон нийтэд мэдэгдсэний улмаас хоёр улсын харилцаа муудаад байгаа. Өмнөд Солонгос эхэндээ Украиныг уучлал гуйхыг шаардсан ч Киевийн илгээсэн дипломат мессеж хүлээлтэд хүрээгүй тул Сөүл тус улсаас элчин сайдаа татах болсон байна. БНСУ элчин сайдаа татна гэдгээ мэдэгдэхээс өмнө тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён арга хэмжээ авна гэж анхааруулаад байсан юм.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён мягмар гарагт /2026.10.06/ мэдэгдэл хийхдээ Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха уучлал гуйсан агуулгатай зурвас хүлээн авсан ч уг уучлалт нь Сөүлийн хүлээлтэд хүрэхүйц байгаагүй гэжээ. Чо Хён энэ талаар мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгосын засгийн газар хатуу арга хэмжээ авч, Украин дахь элчин сайдаа татах болсон. Хоёр улсын хооронд үүсээд буй асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Үүний төлөө Украины талтай зөвлөлдөх ажлаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна.
Саяхан Хойд Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Украин Өмнөд Солонгост хүлээлгэж өгсөн юм. Хойд Солонгосын цэргүүдийг хүлээлгэн өгснөөрөө ОХУ-д хоригдож буй цэргүүдээ солилцоогоор авсангүй хэмээн шүүмжлэлд өртөж магадгүй хэмээн Украин энэ явдлыг нууцлахыг Өмнөд Солонгосоос хүсжээ. Өмнөд Солонгос аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудал гэх мэт зүйлсийг авч үзсэний үр дүнд шилжүүлгийг нууцлахыг зөвшөөрсөн байна. Гэвч Зеленский Ерөнхий Ассамблейн үеэр үүнийг олон нийтэд зарласан юм. Дараагаар уг явдлыг нуух тохиролцоонд хүрээгүй байсан гэсэн худал тайлбар өгсөн нь БНСУ-ын дургүйцлийг хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ