Трампын дизель түлшний хэлэлцээр хууль бус байж болзошгүйг мэдэгдэв

img

 

Ням гарагт Бүгд Найрамдах намаас сонгогдсон АНУ-ын нөлөө бүхий сенатор Том Тиллис саяхан Орос улстай байгуулсан ерөнхийлөгч Дональд Трампын дизель түлш нийлүүлэх хэлэлцээр нь хууль бус байж болзошгүй бөгөөд “америкчуудын амь насыг эрсдэлд оруулна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр ингэснээрээ Баасан гарагт Трампын зарласан уг хэлэлцээрийг шүүмжилж буй хоёр намын төлөөлөгчдийн эгнээнд нэгдэж байна.

Трамп ирэх сард болох Конгрессын сонгуулиас өмнө АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлшний үнийг бууруулахын тулд Орос улсын нийлүүлэлтийг зөвшөөрч,  Украины дайнтай холбоотой тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг түр хугацаанд цуцалсан юм.

"Ерөнхийлөгч хуулийг дагаж мөрдөхгүй байна гэж хэлэх үндэслэлтэй шалтгаан байгаа гэж би үзэж байна" хэмээн Умард Каролина мужаас сонгогдсон, ирэх нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох гэж буй Бүгд Найрамдах Намын сенатор Тиллис хэлжээ.

Хөдөө аж ахуй, орон сууцны халаалт, ачаа тээвэрт ашиглагддаг дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрэхэд ойрхон байгаа нь Конгресс дахь олонхын байр сууриа хадгалж үлдэх эсэхийг шийдвэрлэх ирэх сарын сонгуульд Трампын намын нөхдөд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа.

Шинжээчид Москватай байгуулсан Трампын хэлэлцээр нь түлшний үнийг тогтвортой бууруулахад хүргэх магадлал бага гэж үзэж байна.

Ням гарагт АНУ-ын сангийн сайд Скотт Бессент хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трампын засаг захиргаа одоо байгаа хууль эрх зүйн бүрэн эрхийн хүрээнд уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг мэдэгдээд уг хэлэлцээр нь “Америкийн ард түмэнд ашигтай, үнийг бууруулна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

"Бид өөрсдөд байгаа хууль эрх зүйн бүх бүрэн эрхийн хүрээнд үүнийг хийх болно. Тиймээс Конгресст байгаа хэн ч бай, хуучин хуулийн төсөл, эсвэл одоогийн Линдси Грэмийн хуулийн төсөл үүнийг хориглож байна гэж хэлж байгаа бол буруу ярьж байна" гэж тэр "Fox & Friends" нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.

Ням гарагт Канадын ерөнхий сайд Марк Карни дизель түлшний хэлэлцээрийг Европ дахь тогтвортой байдлыг хангах, Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг сулруулж байгааг шүүмжилжээ.

Канадын засгийн газрын мэдэгдэлд Карнигийн хэлсэн үгийг эш татахдаа "Ерөнхий сайд тодорхой байр суурь илэрхийлсэн: энэхүү хэлэлцээр нь Европт энх тайван тогтоох Украин, Канад болон бусад манай холбоотнуудын хүчин чармайлтын эсрэг зүйл боллоо. Энэ хэлэлцээр Украины эсрэг явуулж буй хууль бус дайныг санхүүжүүлэхэд нь Орос улсад тус болох юм” гэсэн байна.

Долдугаар сард нас барсан Өмнөд Каролинагийн Бүгд Найрамдах намын гишүүний дурсгалд зориулж баталсан "Линдси О. Грэм Орос, Иранд хориг тавих тухай 2026 оны хууль" нэртэй Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээний тухай хуульд Трамп өнгөрсөн сард гарын үсэг зурсан юм.

Оросын түрэмгийллийн эсрэг удаан хугацаанд тэмцэж байсан Грэм уг хууль тогтоомжийг санаачилж, тууштай дэмжиж байжээ.

Тиллис уг хэлэлцээрийг шүүмжилсэн анхны Бүгд Найрамдах намын гишүүн биш юм.

Баасан гарагт Небраска мужийн тэтгэвэрт гарсан Конгрессын гишүүн Дон Бэкон сошиал хуудсаараа "Путиний дайны эдийн засгийг дэмжих нь ёс суртахууны хувьд буруу бөгөөд тэрээр энэ мөнгийг Украины хотуудыг бөмбөгдөхөд ашигладаг юм" гэж мэдэгджээ.

Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Майк Пэнс газрын тосны хориг арга хэмжээг цуцлах шийдвэрийг Грэмийн өв уламжлалаас “урвасан үйлдэл" гэж нэрлээд үүнийгээ "цуцлах"-ыг ерөнхийлөгчид уриалсан байна.

"Ерөнхийлөгчийн сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн үйлдэл болон түүний тайлбар нь уг хуулийн зорилгын эсрэг юм. Анхны боломж гармагц Путин ерөнхийлөгч Трампыг эвгүй байдалд оруулах эсвэл сулруулахыг оролдоно гэдгийг би баттай хэлж чадна. Тэр үүнийг хийх болно” гэж Тиллис хэлжээ.

Трампын олон нийтийн дэмжлэг унахын хэрээр Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүд Ираны мөргөлдөөнөөс эхлээд Канадтай хийсэн худалдааны дайн хүртэлх олон асуудлаар ерөнхийлөгчөөс улам бүр зайгаа барихыг хичээж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ