Казахстан эрчим хүчний салбараа ОХУ-ын хамаарлаас гаргахаар ажиллаж эхэллээ

img

 

Казахстаны төрийн өмчит Казатомпром компани байгалийн ураны баяжмалыг БНХАУ-д нийлүүлэх гэрээгээ баталжээ. Харин ОХУ-ын төрийн өмчит Росатом компанийн харьяа Uranium One Group-д уран нийлүүлэх гэрээг хувьцаа эзэмшигчид нь батлаагүй байна. Энэ нь Казахстан ураны экспорт болон эрчим хүчний салбарт ОХУ-аас хамааралтай байдлаа бууруулж, хамтын ажиллагааны чиглэлээ төрөлжүүлэхийг зорьж байна.

БНХАУ-ын төрийн өмчит SPIC компанийн охин компани болох State Nuclear Uranium Resource Development Company Казахстанаас уран худалдан авах юм. Гэрээний үнийн дүн болон нийлүүлэх ураны хэмжээг олон нийтэд мэдээлээгүй байна. Харин ураныг Хятадын Алашанькоу төмөр замын өртөөгөөр тээвэрлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Казахстан ураны худалдааны нэг чухал чиглэлээ БНХАУ-тай холбохоор болж байна.

Харин ОХУ-ын Росатом компанийн харьяа Uranium One Group-д уран нийлүүлэх гэрээг батлах санал хураалтаар хувьцаа эзэмшигчдийн 88.34 хувь нь түдгэлзэж, 6.27 хувь нь эсэргүүцсэн байна. Улмаар гэрээ батлагдаагүй гэж мэдээлжээ. Гэхдээ санал хураалтын дүн дангаараа Казахстан ОХУ-тай ураны салбарын хамтын ажиллагаагаа бүрэн зогсоохоор шийдвэрлэснийг илтгэхгүй аж.

Казатомпром компанийн гол хувьцаа эзэмшигч нь Казахстаны төр бөгөөд Самрук-Казына үндэсний баялгийн сангаар дамжуулан компанийн 62.99 хувийг эзэмшдэг. Тус компани нь дэлхийн ураны салбарын томоохон үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Казахстаны ураны экспортод чухал байр суурь эзэлдэг.

Казахстаны ОХУ-аас хамааралтай байдлаа бууруулах оролдлого зөвхөн ураны худалдаагаар хязгаарлагдахгүй байна. Тус улс 2027 оноос ОХУ-аас цахилгаан импортлохоо зогсоохоор төлөвлөж байгаа аж. Мөн Көкшетау, Семей, Өскемен хотод дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих төслүүдээс Оросын компаниудыг хасжээ.

Эдгээр алхам нь Казахстан эрчим хүчний хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон байгалийн баялгийн экспортоо олон чиглэлд хөгжүүлэхийг зорьж буйг харуулж байна. Гэхдээ ОХУ-аас хамааралтай байдлаа бодитоор хэр хэмжээнд бууруулах нь шинэ нийлүүлэлтийн гэрээ, эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт болон бусад улстай тогтоох хамтын ажиллагаанаас шалтгаалах юм.

Монгол Улсын хувьд ч ураны ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбарын экспортоо төрөлжүүлэх зорилт тавьж буй энэ үед Казахстаны туршлага нь байгалийн баялгийн экспортын зах зээл, тээвэрлэлтийн чиглэл болон гадаад түншүүдийн сонголтын ач холбогдлыг харуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ