Трампын мэдэгдлээс үүдэн Украины эрчим хүчний байгууламжууд Оросын цохилтод өртжээ

img

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улс эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа Орос улс Украины эрчим хүчний зургаан байгууламжид агаараас довтолсныг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Ням гарагт Трамп уг тохиролцоог зарлахдаа "нэн даруй хэрэгжиж эхэлнэ" гэж амлаж байсан юм.

Оросын агаарын цохилтын улмаас цахилгаан дамжуулах сүлжээ гэмтэж, Изюм хотод цахилгаан хангамж тасарсан тухай Украины төрийн мэдлийн агентлаг "Укринформ" мэдээлсэн бол баруун Украинд ч мөн шөнийн цагаар эрчим хүч, төмөр замын дэд бүтэц агаарын цохилтод өртсөн байна.

Зеленский тус улс даяар эрчим хүчний байгууламжууд агаарын цохилтод өртсөний улмаас нийтдээ 33 хүн шархадсаныг мэдээлсэн байна.

Тэрбээр "Fox News" сувагт өгсөн ярилцлагадаа "Бид халдлага үйлдээгүй байхад Орос улс манай хийн станцууд, эрчим хүчний дэд бүтэц болон бусад байгууламжуудад халдлаа" гэж хэлжээ.

"Үүнийг Путиний зүгээс ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд өгсөн хариулт гэж би бодож байна" гэж тэр нэмж хэлсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ