Бүгд Найрамдах намыг аврахын тулд Илон Маск завсрын сонгуулийн хамгийн том хандивлагч болжээ
Дэлхийн цорын ганц их наядтан болох Илон Маск ирэх сард болох Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдахчуудын олонхын байр суурийг хадгалахын тулд долдугаар сараас хойш $276 сая гаруйг зарцуулж, энэ сонгуулийн хамгийн том хандивлагч болжээ.
Энэхүү тоон мэдээллийг "New York Times" сонин анх мэдээлсэн бөгөөд үүнийг Маскийн "super PAC" гэгддэг улс төрийн үйл ажиллагааны хорооны хэвлэлийн төлөөлөгч Эндрю Ромео баталсан байна.
Уг санхүүжилтэд Сенатад өрсөлдөж буй Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмждэг гол байгууллага болох "Senate Leadership Fund"-д хандивласан $158 сая багтаж байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн том улс төрийн хандив, санхүүжилтүүдийн нэгд тооцогджээ.
Мөн $76 саяыг Маск өөрийн үүсгэн байгуулсан "America PAC” байгууллагад шилжүүлсэн нь тодорхой болсон байна.
Тус байгууллага нь 2024 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг сонгогдоход туслах зорилгоор айл өрхүүдээр явж, сурталчилгаа хийх замаар сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх томоохон ажиллагаа явуулж байсан бол энэ удаа дахин ийм арга хэмжээ зохион байгуулжээ.
Түүнчлэн Маск бас Техас мужаас Сенатад өрсөлдөж буй Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Кэн Пакстоныг дэмждэг "Lone Star Liberty PAC" байгууллагад $10 саяыг хандивласан байна. Техас муж нь энэ сонгуулиар Маскийн хамгийн их анхаарал тавьж байгаа өрсөлдөөний талбар юм.
Өнгөрсөн оны тавдугаар сард Маск ирээдүйд улс төрийн зорилгоор зарцуулах хөрөнгөө танахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан билээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ