Орос тагнуулаар сэжиглэгдсэн Японы сэтгүүлчийг Сахалин мужаас баривчилжээ

img

 

Мягмар гарагт Оросын Холбооны Аюулгүй Байдлын Алба (ФСБ) тус улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр Японы сэтгүүлчийг саатуулснаа мэдэгджээ.

Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам Токиогийн эрх баригчид сурвалжлагчдаа тагнуулын зорилгоор ашиглаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

ФСБ-ийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар "Хоккайдо Шимбүн" сонины сэтгүүлчийг Оросоос явахаар төлөвлөж байсан өдрийнх нь өмнөхөн Алс Дорнодын Сахалин мужид саатуулжээ. Гэхдээ уг үйл явдал хэзээ болсныг тодорхой дурдаагүй байна.

Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тус сэтгүүлчийг Имай Юки гэж нэрлээд, түүнийг саатуулсан явдал нь Япон улстай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

Энэ хэргийн талаар мэдээлсэн Оросын төрийн телевизийн дүрс бичлэгт хар өнгийн дүрэмт хувцас, баг зүүсэн гурван хүн газар хэвтэж буй эрэгтэйн гарыг гавлах үед цаанаас "түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэж байна" гэж хэлсэн дуу хоолой сонсогдож байв.

Бичлэгт тухайн эрэгтэйг ФСБ-ийн хоёр ажилтан онгоц руу дагуулж яваа болон Москвагийн шүүхийн танхимд төмөр торны цаана сууж буйг харуулсан бөгөөд шүүхээс түүнийг хоёр сар орчим хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ.

ФСБ тус сэтгүүлчийн "хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон" гэж мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд "Тагнуулын ажиллагааны үр дүнд тэрээр Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын эсрэг ашиглах зорилгоор, өөрийн улсын тагнуулын байгууллагад дамжуулахын тулд тус улсын батлан ​​хамгаалах чадавхтай холбоотой мэдээллийг цуглуулж, хадгалж байсан нь тогтоогдсон" гэжээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Токиогийн эрх баригчид Орос дахь сурвалжлагчдаа гадаадын сэтгүүлчийн статустайгаар ашиглан манай улсын аюулгүй байдлыг сулруулах мэдээлэл цуглуулахыг оролдож байгаад харамсаж байна" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Япон улс Украины дайны үеэр Оросын эсрэг байр суурь баримталж, Токиогийн “дахин зэвсэглэх” бодлогын талаар Москвагийн санаа зовнилыг авч хэлэлцэхээс татгалзсаныг энэ үеэр дурджээ.

"Болсон явдал нь Орос-Японы харилцааны уур амьсгалыг дордуулах нэмэлт хүчин зүйл болж буйг бид цохон тэмдэглэх ёстой" гэж Захарова хэлсэн байна.

Орос улс Японыг "найрсаг бус" улс гэж үздэг болсон нь Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдсэнтэй холбоотой.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ албан ёсоор байгуулаагүй Орос, Япон улсууд Курилийн арлууд (Японы тал ‘Умард нутаг дэвсгэр’ гэдэг)-ын асуудлаар газар нутгийн маргаантай байсаар ирсэн.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сард маргаантай арлуудын нэгэнд анх удаа айлчилсан нь Японд ихээхэн эсэргүүцэл, шуугиан дэгдээсэн юм.

Үүний хариуд Токиогийн зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Украиныг дэмжихээ мэдэгдээд байгаа.

Орос улсад гадаадын сэтгүүлч баривчлагдсан томоохон жишээнүүдийн нэг бол 2023 онд "Wall Street Journal" сонины сурвалжлагч Эван Гершковичийг саатуулсан явдал байв.

Оросын шүүх түүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган 16 жилийн хорих ял оноосон ч 2024 оны наймдугаар сард АНУ-ОХУ-ын хооронд хэрэгжсэн хоригдол солилцох тохиролцооны хүрээнд суллагдсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ