Бразил, Хятадын худалдааны эргэлт дээд хэмжээндээ буюу $143 тэрбумд хүрчээ
Бразил, Хятадын худалдааны эргэлт энэ оны эхний есөн сард түүхэн дээд хэмжээнд хүрч, 143 тэрбум ам.доллар болжээ. Бразилын газрын тосны экспорт огцом өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Бразилаас Хятад руу хийсэн экспорт 12 хувиар өсөж, 84.7 тэрбум ам.долларт хүрсэн бол Хятадаас импортолсон барааны хэмжээ 9.9 хувиар нэмэгдэж, 58.6 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр Бразил 26.1 тэрбум ам.долларын худалдааны ашигтай гарсан байна.
Хятад руу нийлүүлсэн Бразилын газрын тосны борлуулалт 49 хувиар өсөж, 21.8 тэрбум ам.долларт хүрчээ. Бразилын экспортолсон нийт газрын тосны тал орчмыг Хятад улс худалдан авсан байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь газрын тосны өөр эх үүсвэрийн эрэлтийг өсгөж, Бразилд давуу тал бий болгосныг Бразил-Хятадын Бизнесийн Зөвлөлийн тайланд дурджээ.
Харин Бразилын Хятадаас импортолсон барааны дунд залгадаг хосолсон хөдөлгүүртэй автомашины худалдан авалт 89 хувиар өсөж, 2.87 тэрбум ам.долларт хүрсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ