“Мобиком” уучлал хүссэн ч байгальд учруулсан хохирлоо хэрхэн төлөх вэ?
Дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртсөн гэх мэдээлэл гарсан ч байгаль орчинд учирсан хохирлыг хэдээр үнэлж, хэрхэн нөхөн төлүүлэх нь анхаарал татсан асуудал хэвээр байна. “Мобиком” корпораци уучлал хүссэн. Харин уучлал хүсэхээс гадна байгальд учруулсан хохирлыг нэн түрүүнд бүрэн барагдуулах нь чухал.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт найман хоног үргэлжилсэн түймрийг аравдугаар сарын 16-ны өглөө бүрэн унтраажээ. Тусгай хамгаалалттай газрын 80 орчим хувь түймэрт өртсөн гэх мэдээлэл гарсан бөгөөд хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
“Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учруулсан хохиролдоо харамсаж, Монголын ард түмнээс уучлал хүссэн. Гэвч одоо гол асуудал нь уучлал бус, хохирлыг ямар хэмжээгээр тогтоож, хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэгт байна.
Хохирлыг хэрхэн тооцож, нөхөн төлүүлэх вэ?
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт бий. Хохирлыг ой, амьтан, ургамал, ус, газар зэрэг байгалийн нөөцөөр ангилан, холбогдох үнэлгээ, аргачлалын дагуу тогтоодог. Нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулах зохицуулалттай.
Иймд ажлын хэсэг зөвхөн шатсан талбайн хэмжээг тогтоогоод зогсохгүй, байгаль орчны хохирлыг холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн тооцох шаардлагатай. Үүнд ургамал, ой, хөрс, амьтны аймагт учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг хамруулах нь чухал.
Хэрэв хууль зөрчсөн үйл ажиллагаанаас байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирол болон нөхөн сэргээх зардлыг гаргуулах боломжтой.
Тэгвэл “Мобиком” компаниас нөхөн төлбөрийг бодитой, бүрэн барагдуулахын тулд дараах асуудалд анхаарах шаардлагатай.
-
Хохирлын үнэлгээг ил тод болгох: Ажлын хэсгийн дүгнэлт, хохирол тооцсон аргачлал, эцсийн дүнг олон нийтэд мэдээлэх.
-
Хариуцагчийг хуульд нийцүүлэн тогтоох: Түймэр гарсан шалтгаан, холбогдох этгээдийн үйлдэл, хуулийн этгээдийн хариуцлагыг мөрдөн шалгах ажиллагаа болон бусад нотлох баримтаар тогтоох.
-
Нөхөн төлбөрийн хэрэгжилтийг хянах: Хохирол барагдуулах төлөвлөгөө, төлбөрийн явц, байгаль нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг ил тод тайлагнах.
Нөхөн төлбөрийн асуудлыг зөвхөн сайн дурын хандив, тусламжаар хязгаарлах бус, хуульд заасан журмаар шийдвэрлэх нь чухал шаардлагатай. Учир нь дархан цаазат газрын экологийн хохирол нь шатсан ургамлын үнэ цэнээр хэмжигдэхгүй бөгөөд байгалийн тэнцвэрийг сэргээхэд урт хугацаа шаардагдана.
Харин Төрийн байгууллагууд хохирлын үнэлгээ, хариуцлага, нөхөн төлбөрийн явцыг олон нийтэд ил тод мэдээллэх, “Мобиком”-ын уучлал бодит нөхөн төлбөр, байгаль сэргээх ажил болж хэрэгжих эсэх дээр гол анхаарлаа хандуулах шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ