Х.НЯМБААТАР ТЭСЭЖ ҮЛДЭЖ ЧАДАХ УУ?

img

 

Х.Нямбаатар ганцаардаж яваа бололтой. Өчигдзөр /2026.10.18/ ‘’Дэглэмийн эсрэг ганцаараа’’ лайв өөрийн цахим сүлжээгээр түгээж байгаа харагдсан.

Ер нь улс төрд хүн хэзээ хүчтэй байдаг юм бол? Өөрийнх нь үгийг сонсдог, тушаалыг нь биелүүлдэг, ард нь зогсох хүмүүс олон байх үед. Харин аялан дагалдагсад нь нэг нэгээрээ холдож, утасны цаанаас чанга дуугарахаас өөр бодит нөлөөгүй болох үед жинхэнэ дүр төрх нь ил гардаг байх.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын суудал ганхаж, намын төв удирдлага нийслэлийн улс төрийн бүтцийг өөрчлөхөөр зэхэж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хөвөрч байна. Н.Мандуул, Ц.Баттөр нарын албан тушаалтай холбоотой яриа ч үүнтэй зэрэгцэж буй.

Х.Нямбаатарын улс төрийн хүч үнэхээр өөрийнх нь хүч байсан уу, эсвэл хашиж байсан албан тушаал, намын дэмжлэг, эрх мэдлийнхээ ачаар хүчтэй харагдаж байсан уу?

Ганцаараа дэглэмтэй байлдаж буй шударга дүр үү?  

Х.Нямбаатар сошиал орчинд байр сууриа илэрхийлж, өрсөлдөгчидтэйгээ үг сөргөлцөхдөө гаргуун. Түүний улс төрийн арга барилд хурц мэдэгдэл, шууд дайралт, өөрийгөө тэмцлийн төвд тавих өнгө аяс бий.

Х.Нямбаатар минь, гар утасны цаанаас мянга орилоод одоо чи хэн ч биш болох чинь цаг хугацааны л асуудал болж байх шиг байна. Улс төрд эрх мэдэлтэй байх нэг хэрэг, эрх мэдэлгүй болсон хойноо хэн хэвээр үлдэх нь огт өөр хэрэг. Чамайг тойрон хүрээлж, үгнээс чинь зөрөхгүй, ая тал засаж, албан тушаалын чинь сүүдэрт багтаж явсан хүмүүс өнөөдөр нүүр буруулж эхэлсэн бол утасны цаанаас хэчнээн сүржигнээд ч нэмэргүй. Өчигдөр хөлд чинь сууж, өнөөдөр танихгүй царайлах хүмүүсийн үнэн төрхийг чи одоо л харж байгаа хэрэг биш. Харин тэд чиний эрх мэдэлд үнэнч байснаас биш, чамд үнэнч байгаагүйг одоо л ойлгож байгаа биз. Өөрийгөө бүхэл бүтэн тогтолцооны эсрэг ганцаараа тэмцэж буй баатар мэт харуулах гэж хэчнээн хичээвч улс төрийн бодит байдал чи бидний романтик төсөөллөөс тэс өөр. Эрх мэдэлтэй үедээ эргэн тойронд чинь хүн тасардаггүй. Харин эрх мэдэл ганхахад хамгийн түрүүнд үнэнчийн дүр эсгэгчид алга болдог. Өчигдөр чиний үгээр хөдөлж явсан хүмүүс өнөөдөр чиний нэрийг ч дурдахгүй өнгөрч байвал улс төрийн харилцаа чинь юун дээр тогтож байсныг харуулах дохио юм.Х.Нямбаатар аа, гар утасны дэлгэц чамд үг хэлэх талбар өгч болно. Харин алдсан нөлөөг буцааж өгч чадахгүй. Өөрийгөө бүхэл бүтэн тогтолцооны эсрэг ганцаараа тэмцэж буй хүнээр дүрслэх нь улс төрчдөд ашигтай арга байж болно. Учир нь ингэснээр өөрийнх нь алдаа, шийдвэр, хариуцлагын асуудлыг хойш тавьж, бүхнийг “намайг шахаж байна” гэсэн өнцгөөс тайлбарлах боломж бүрдүүлдэг учраас тэр.

Хэрэв Х.Нямбаатар үнэхээр өөрийн үзэл санаа, бодлого, олон нийтийн итгэлд тулгуурласан улс төрч юм бол албан тушаалгүй үедээ ч нөлөөгөө хадгалж чадах л байсан.

2026 оны тавдугаар сард Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэсэн ч Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаа хадгалж үлдсэн нь түүнийг нийслэлийн улс төрд нөлөөгөө үргэлжлүүлэх боломжтой хэвээр байлгаж байв. Харин аравдугаар сарын эхээр намын удирдлагын түвшинд нийслэлийн намын байгууллагын асуудлыг дахин хөндөж, Бага хурлын товыг зөвшилцөх чиглэл өгчээ. Энэ бол ганц Х.Нямбаатарыг явуулах төдий асуудал биш. Нийслэлийн улс төрийн эрх мэдлийг хэн атгах, намын дотоод нөлөөг хэн удирдах, ирэх сонгуулийн өмнө хэн байр сууриа бэхжүүлж, хэн улс төрийн тавцангаас шахагдах вэ гэдгийг шийдэх эрх мэдлийн томоохон өрсөлдөөн юм. Хэрэв намын хорооны даргын суудлаас мултарбал Х.Нямбаатар өөрийн гэсэн улс төрийн жинтэй хэвээр үлдэж чадах уу?

Н.Мандуул, Ц.Баттөр нар...

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг энэ долоо хоногт чөлөөлж магадгүй. Нийслэлийн намын дарга, дүүргүүдийн Засаг дарга нарын томилгоо, намын төв удирдлагын шийдвэрүүд хоорондоо холбоотой. Учир нь эдгээр албан тушаалд хэн суух нь нийслэлийн улс төрийн эрх мэдлийг хэн атгахыг шийддэг. Тиймээс удирдлагыг нь өөрчлөхөөр бол ганц хүнийг суудлаас нь буулгаад зогсох уу, эсвэл түүнийг түшиж ирсэн хүмүүс, нөлөөллийн хүрээг нь хамтад нь өөрчлөх үү гэдэг л гол асуудал юм.

Х.Нямбаатар албан тушаалгүй болсон ч улс төрд өөрийн гэсэн жинтэй бол түүнийгээ харуулах л үлдлээ. Харин суудалтайгаа хамт нам дорторх нөлөөгөө алдаж, өчигдөр тойрон хүрээлж явсан нөхөд нь өнөөдөр нүүр буруулбал хэний хүчээр өдий хүрснээ ойлгох биз.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ