Хятадад хүүхдүүдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаараа хоригдохоор болжээ

img

 

Хятад улсын Ганьсу мужийн Тяньшуй хот дахь "Хэши Пэйсин" цэцэрлэгийн эзэн болон түүний таван ажилтан 200 гаруй хүүхдийг хар тугалгаар хордуулсан хэргээр шийтгүүлжээ.

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр тус цэцэрлэгийг ажиллуулж байсан Ли Хуйфан гэгч хортой, аюултай хүнс үйлдвэрлэж, худалдсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байна.

2025 оны долдугаар сард хүүхдүүд өвчилж эхэлсний дараа тус цэцэрлэгийн 247 сурагч, ажилтны цусан дахь хар тугалгын хэмжээ хэвийн хэмжээнээс хэт өндөр байгаа нь тогтоогдсон юм.

Хэргийн мөрдөн байцаалтын дүгнэлтээр "Хэши Пэйсин" цэцэрлэгийн тогооч нар илүү олон хүүхэд татах зорилгоор хоолныхоо "харагдах байдлыг сайжруулахын тулд" хүнсэнд хэрэглэхийг хориглосон будаг ашигласан нь илэрчээ.

Уг будаг дээр хүнсэнд хэрэглэхийг хориглосон тухай тодорхой тэмдэглэгээ байсан хэдий ч тэд үл тоомсорлон байна.

Төрийн өмчийн CCTV сувгийн мэдээлснээр Ланьжоу хотын дунд шатны ардын шүүхээс Ли Хуйфаны 500,000 юань ($74,700)-тай тэнцэх хувийн хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.

Тус цэцэрлэгийн гүйцэтгэх захирал Жи Жинлин 15 жилийн хорих ял, 300,000 юанийн торгууль хүлээсэн байна.

Мөн тус цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж байсан дөрвөн ажилтан тус бүр 6-8 жилийн хорих ял авсан тухай төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сүүлд хийсэн шинжилгээгээр хоолны дээжүүдэд агуулагдсан хар тугалгын хэмжээ Хятад улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын хязгаараас 2,000 дахин өндөр байсан нь тогтоогджээ.

Хар тугалгын хордлого нь "бага насны хүүхдүүдэд онцгой хортой" бөгөөд "тархи, төв мэдрэлийн системд ноцтой хохирол учруулж болзошгүй" гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үздэг.

Хятад улс энэ явдлын дараа цэцэрлэг, сургуулиудад хоол хүнс нийлүүлэхтэй холбоотой үндэсний удирдамжаа шинэчилсэн юм.

Эдгээр арга хэмжээнд шинээр гарч ирж буй хүнсний багц бүрийг шинжлүүлэх, гурил, будаа, хүнсний тосыг зөвхөн төвлөрсөн худалдааны цэгүүдээс авах зэрэг шаардлага багтсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ