Израилийн суурьшигчид АНУ-ын сэтгүүлчийн биед халджээ

img

 

Ням гарагт АНУ-аас Израильд суугаа элчин сайд Майк Хакаби "Washington Post" сонины гэрэл зурагчин Хайди Левинийг хүнд гэмтээж, мэс засалд ороход хүргэсэн халдлагыг "жигшүүрт террорист үйлдэл" хэмээн буруушааж, уг хэрэгт холбогдогчдыг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ.

Израильд амьдардаг 63 настай, нэр хүндтэй сэтгүүлч Левин өнгөрсөн Баасан гарагт Йордан голын Баруун эрэг дэх эзлэгдсэн хотуудад чидун жимсээ хураах гэж байсан палестинчууд руу дайрсан Израилийн суурьшигчдын халдлагад өртсөн юм.

Тэд түүнийг бороохой болон бусад зэвсгээр зодож хүнд гэмтээсэн байна.

Тель-Авивын ойролцоох Петах Тиква хотын эмнэлэгт гартаа мэс засал хийлгэж, хугарсан хавирга болон бусад гэмтлээ эмчлүүлж буй гэрэл зурагчин эмэгтэй жүүд суурьшигчид түүнийг арав гаруй минутын турш зодож, улмаар камер, паспорт, гар утсыг нь дээрэмдэн авч явсныг ярьжээ.

"Намайг дайрч, газар унагасан. Азаар надад хамгаалалтын хантааз, дуулга байсан. Хэрэв тийм байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй ч байж магадгүй, учир нь тэд намайг тасралтгүй өшиглөсөөр байсан" хэмээн тэр ярьсан байна. Левиний хэлснээр палестин хамтран ажиллагсад нь хөндлөнгөөс оролцсоны дараа халдлага зогссон гэнэ.

Ерөнхийлөгч Дональд Трампын үзэл баримтлал нэгтэй холбоотон, Израилийн талыг баримталдаг хатуу байр сууриараа танигдсан Хакаби энэхүү "харгис бөгөөд хулчгар халдлага"-ыг эрс буруушаажээ. Тэрээр Бямба гарагт сошиал хуудсандаа бичихдээ хохирогч нь АНУ-ын иргэн бөгөөд сэтгүүлч гэдэг нь тодорхой танигдаж байсныг онцолсон байна.

"Бид энэ хэрэгт оролцсон хүн бүрийг бүрэн шалгаж, баривчлан, хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардаж байна. Эмэгтэй гэрэл зурагчинд халдана гэдэг бол нүүрээ халхалсан хулчгаруудын үйлдсэн жигшүүрт террорист үйлдэл юм. Энэ бол утга учиргүй хүчирхийлэл, нэр төргүй үйлдэл мөн” гэж тэр бичжээ.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэхүү халдлагын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм.

Тэрбээр "хэн нэгний эсрэг чиглэсэн хүчирхийлэл"-ийг буруушаасан хэдий ч уг халдлагыг “халдлага гэгдэх зүйл" гэж нэрлээд хэргийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгааг мэдэгджээ.

Нетаньяху түүнд болон бусад хүмүүст халдсан үйлдлийг “халдлага гэгдэх зүйл" гэж тодорхойлсныг сонсоод "цочирдож, доромжлогдсон мэт" мэдрэмж төрснөө Левин өчигдөр хэвлэлд ярьсан байна. Тэрээр цааш нь ярихдаа ерөнхий сайдын гарт "бүх нотлох баримт бэлэн байгаа" гэдгийг онцолжээ.

Тэрбээр халдлагын бурууг "жүүд террорист"-уудад тохоод "Би энэ бүс нутагт 40 гаруй жил сурвалжилга хийж байна. Гэхдээ энэ улс өнөөдрийнх шиг ийм байдалд орж байхыг хэзээ ч харж байгаагүй" гэж хэлсэн байна.

Палестин тариаланчид болон Левин рүү халдсан явдлын дараа Бямба гарагт суурьшигчдын зүгээс дахин хүчирхийлэл гарсан бөгөөд энэ удаа эзлэгдсэн Баруун эрэгт зочилж байсан Европын дипломатчид, Францын хотын дарга болон Камбре хотын хамба лам нар халдлагад өртжээ.

Олнуа-Эмери хотын дарга Бернар Боду албан тушаалынх нь таних тэмдэг болсон улаан, цагаан, цэнхэр өнгийн туузан бүс зүүгээд дипломат дугаартай машинд суухаар ​​завдаж байх үедээ халдлагад өртөж, газарт унасан байна.

Гэрчийн мэдээлснээр нүүрээ халхалсан нэгэн этгээд "Vive la France!" (Франц улс мандтугай!) хэмээн хашхиран түүн рүү дайрчээ.

Бодугийн эхнэр болон Камбре хотын хамба лам Винсент Доллманн нар ч мөн модон саваагаар зэвсэглэсэн бүлэг этгээдүүдийн заналхийлэлд өртсөн байна.

Тэдгээр хүмүүс Иерусалим дахь Францын ерөнхий консул, түүний эхнэр болон бусад дипломатчид, мөн Бельги, Польшийн консулуудын хамтаар Христэд итгэгчдийн Тайбех хотын нутаг дэвсгэрт чидун жимсний ургац хураалтад оролцож байсан юм.

Халдлагад өртсөнийхөө дараа Боду "Agence France-Presse" агентлагт ярихдаа "Хэрэв суурьшигчид ийм байдлаар авирлаж байгаа бол үүнийг Израилийн засгийн газар зөвшөөрч, хүлцэнгүй хандаж байна гэсэн үг. Энд юу болж байгааг дэлхий нийт мэдэх хэрэгтэй. Миний хувьд би эх орондоо буцаад бүх зүйл сайхан болно. Харин энд үлдэж буй хүмүүс л хамгийн ихээр зовж шаналсаар байна” гэжээ.

Аравдугаар сарын 27-нд болох ширүүн өрсөлдөөнтэй сонгуулийн өмнө Израилд хүчирхийлэл газар авч байна.

Палестины эзлэгдсэн газар нутагт израильчуудыг суурьшуулахыг дэмжигч баруун жигүүрийн сонгогчдынхоо хүрээг тэлэхийг Нетаньяху хичээж буй энэ үед суурьшигчид палестинчуудын жил бүрийн чидун жимсний хураалтын ажилд удаа дараа саад учруулсаар байна.

Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “гэмт хэргийн шинжтэй хүчирхийллээ нэн даруй зогсоох”-ыг болон Бадуд халдсан этгээдүүдийг баривчлахыг Израилиас шаарджээ. Европын Холбоо уг халдлагыг буруушааж, “гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, мөн палестинчууд болон сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл, дарамт шахалтыг таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ авах”-ыг уриалсан байна.

Израилийн гадаад хэргийн яам дипломатчидын эсрэг үйлдсэн уг халдлагыг буруушаасан бөгөөд Израилийн цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгахаа амласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ