ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖҮҮД 600 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ

img

 

2026 оны төсвийн тодотголоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн сангаас авдаг тэтгэврийн хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн бөгөөд улсын төсвийн тодотголоор тэдгээрт чиглэсэн санхүүжилтийг 84.7 тэрбум төгрөгөөр өсгөжээ.

Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд шаардлагатай өөр нэгэн 30 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасаж, шилжүүлэн санхүүжүүлэхээр болсон байна.Эдгээр төсвийн зохицуулалтын үр дүнд халамжийн тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй болон одой нийт 39,510 иргэний халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөгжлийн бэрхшээлийн зэргээсээ хамааран 40-168 мянган төгрөгөөр нэмэгдэж, 600 мянган төгрөгт хүрэхээр боллоо.

Уг нэмэгдлийг 2026 оны 11, 12 дугаар саруудад шууд олгож эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөн адил 600 мянган төгрөгөөр дүйцүүлэн тооцож, тогтвортой олгохоор зохицуулжээ. Үүний зэрэгцээ байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн бусад тэтгэвэр авагч буюу ахмад настан, тэжээгчээ алдсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх зэрэг улсын хэмжээнд байгаа 6307 иргэний тэтгэмж тус бүр 600 мянган төгрөг болж өсөж байна.

Харин асаргааны тэтгэмжийг 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, үүнд нийт 88,307 иргэнийг хамруулахаар баталжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ