Х.НЯМБААТАР Г.БАТЗОРИГООР СОНГИНОХАЙРХАНАА БАТАЛГААЖУУЛНА

img

 

Нийслэлийн МАН-ын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдаж, НЗД Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгож, Х.Нямбаатарыг чөлөөлнө. Гэхдээ түүнийг улс төрийн тоглолтоо дуусгаад, эрх мэдлээсээ бүрмөсөн холдож байна гэж ойлговол эндүүрэл болно. Х.Нямбаатар улс төрийн дараагийн нүүдлээ аль хэдийнэ хийчихсэн. Сонгинохайрхан дахь нөлөөгөө хадгалж, 2028 оны сонгуулийн түшиц хүчээ алдахыг хүсээгүй нь Г.Батзоригийн томилгоогоор харагдана. Нийслэлийн МАН-ын даргын суудалд өөрчлөлт орохтой зэрэгцэн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг солихоор зэхэж буй. Н.Мандуулын оронд З.Төмөртөмөө, Ц.Баттөрийн оронд Г.Батзоригийг томилох тухай яригдаж байна. Энэ дундаас Сонгинохайрхан дүүргийн томилгоо хамгийн их анхаарал татна. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт улс төрийн нөлөөгөө бэхжүүлж, ирэх сонгуулиар тус дүүргээс УИХ-д нэр дэвшин сонгогдох зорилготой гэж үзвэл түүний хувьд орон нутгийн удирдлагын асуудал яагаад чухал болох нь ойлгомжтой. Сонгинохайрхан бол зүгээр нэг дүүрэг биш. Олон сонгогчтой, нийслэлийн улс төрийн өрсөлдөөнд жинтэй байр суурь эзэлдэг томоохон сонгуулийн талбар. Тэнд хэн дүүргийн Засаг даргаар ажиллах, хэн намын бүтэцтэй ойр байх, хэн орон нутгийн шийдвэрт нөлөөлөх вэ гэдэг нь улс төрийн хувьд ач холбогдолтой. Тиймээс Г.Батзоригийг СХД-ийн Засаг даргаар томилох тохироо нь Х.Нямбаатарын ирээдүйн улс төрийн тооцоотой холбогдож байгаа нь санамсаргүй давхцал биш. Эндээс харахад Х.Нямбаатар нийслэлийн намын даргын суудлаа өгсөн ч Сонгинохайрхан дахь нөлөөгөө алдахгүй байх, цаашлаад 2028 оны сонгуулийн өмнөх байр сууриа бэхжүүлэх хувилбарыг сонгожээ. Тэгэхээр Г.Батзориг дүүргийн Засаг даргаар томилогдохдоо Сонгинохайрханы иргэдийн эрх ашгийг гишгэлж, өөрийг нь уг албан тушаалд хүргэсэн Х.Нямбаатарын төлөө ажиллах болох нь...

Ингээд чоно цатгалан, хонь бүрэн. МАН-ын улс төр угаасаа ийм. Наанаа улангасан тэмцэлдэж, нэгнийгээ суудлаас нь унагах гэж үзэлцэнэ. Харин цаанаа эрх ашиг нь нийлэхээрээ ширээний ард сууж, хундага тулгаж чаддаг хүмүүс энэ нам дотор олон бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ