УИХ-ЫН ГИШҮҮД Н.УЧРАЛТАЙ НИЙЛЖ ИРГЭДЭЭ ХУУРАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ?
Иргэдэд ногдол ашиг өг гэж хашхирч байгаа улстөрчдөөс нэгхэн асуулт асууя. Хуулиа өөрчлөх үү?
УИХ-ын гишүүд ч, Засгийн газар ч нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа. Хуульд өөрчлөлт оруулахгүйгээр иргэдэд Оюутолгойн ногдол ашгаас нэг ч төгрөг өгөх боломжгүй. Гэтэл иргэдэд таалагдахын тулд ногдол ашгаа ав гэж уриалаад ямар хэрэгтэй юм бэ?
Үнэхээр иргэддээ мөнгө өгөх гэж байгаа бол эхлээд хуулийн төслөө өргөн барь. Хуулиа өөрчил. Дараа нь харин энэ мөнгөө яаж хуваарилахаа ярь. Гэтэл хуулийг өөрчлөх тухай хэн ч тодорхой дуугарахгүй атлаа иргэдэд мөнгө өгөхийг дэмжиж байгаа дүр эсгээд төрийн ордонд сууж байх юм. Иргэдийн хүсэлтийг сонсож байгаа нэр зүүгээд ногдол ашгийн 3 их наяд төгрөгийн 2 их наядаар нь томоохон төслүүдэд зарцуулах сонголт л санал асуулгад бий. УИХ-ын гишүүд, Засгийн газар ногдол ашгийг хэрхэх талаар хоорондоо зөрчилдөж байгаа мэт харагдавч хуулиа өөрчлөх бодит алхам хийх хүсэл тэдэнд алга. Иргэдийг хууль мэдэхгүй гэж боддог юм уу, эсвэл мэдсэн ч мартах байх гэж найддаг юм уу? Тэгвэл би хэлээд өгье. Иргэдэд Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр өгч болохгүй байгаагийн гол учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой. Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг Хуримтлалын сангийн эх үүсвэрт төвлөрүүлэхээр зохицуулсан. Мөн тус хуулийн 10.4-т Хуримтлалын сангийн дансанд байршуулсан хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэхээр заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 23.3-т төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг төсвийн татварын бус орлогод хамруулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн хувьцаанаас бий болсон ногдол ашгийг иргэн бүрийн хувийн дансанд шууд шилжүүлэх бус, хуульд заасан сан, төсвийн зохицуулалтын дагуу хуваарилж, зарцуулах ёстой гэсэн үг. Тиймээс иргэдэд Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн бэлэн мөнгөн хэлбэрээр олгох гэж байгаа бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын хүрээнд ямар эрх зүйн үндэслэлээр олгох, шаардлагатай бол ямар зохицуулалтыг өөрчлөхөө тодорхой болгох хэрэгтэй. Гэтэл иргэдэд ногдол ашиг өг гэж уриалж байгаа улс төрчид хуулийн ямар зохицуулалтаар, ямар механизмаар, хэзээ мөнгө олгохоо тодорхой хэлэхгүй байна. Иргэдэд мөнгө өгөхийг үнэхээр хүсэж байгаа бол хуулийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж, шаардлагатай өөрчлөлтийн төслөө өргөн барьж, бодит шийдвэр гарга. Харин үүнийг хийхгүйгээр иргэдийн талд зогсож байгаа дүр эсгэх нь улс төрийн пиар.
Ногдол ашгаа бэлнээр авах нь зөв, буруу гэдэг маргаанаас өмнө иргэдэд мөнгө өгөх боломжгүй байгаа бол яг ямар хуулийн заалт саад болж байгааг хэл. Өгөх боломж бүрдүүлэхийг хүсэж байгаа бол хуулийн өөрчлөлтөө оруул. Харин энэ хоёрын алийг нь ч хийхгүй бол иргэдийн төлөө ярьж байгаа дүр эсгэхээ боль. Иргэдийг малладаг улс төрийн арга гэдэг нь яг энэ. Иргэд яма үг сонсохыг хүсэж байна тэр үгийг нь хэлж өгнө, найдвар төрүүлнэ, харин биелүүлэхэд шаардлагатай алхмаа хийдэггүй. Тиймээс иргэд ногдол ашгаа авахыг хүсэж байна уу? биш. Иргэдэд өгөхийг үнэхээр хүсэж байгаа юм бол хуулиа хэзээ өөрчлөх вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ