МОНГОЛ, ГЕРМАНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

img

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зэвсэгт хүчний алба хаагчдын сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх Хамтарсан тунхаглал байгуулсан юм.

Хоёр улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франк-Вальтер Штайнмайэр нарын албан ёсны хэлэлцээний үеэр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Талууд Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулахаар тохиролцсон байна.

Мөн 2026 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ХБНГУ-ын Холбооны батлан хамгаалах яам хооронд Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Эдгээр хамтын ажиллагаа нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг сайжруулах, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

Монгол, Германы харилцаа 2024 онд стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал чиглэлүүдийн нэг болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ