Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн хуулийн төслөө татан авлаа

img

 

Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц зэрэг дэд бүтцийн төсөл санхүүжүүлэхээр боловсруулсан хуулийн төслөө УИХ-аас татан авлаа.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэхдээ, Оюутолгойн ногдол ашгийг 2037 оноос өмнө авах боломжгүй байсан бол хэлэлцээрийн үр дүнд 2027 оноос олгохоо баталгаажуулсан гэж мэдэгдэв.

Засгийн газар ирэх онд Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тооцож, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядаар эрчим хүч, боловсролын салбарын төсөл санхүүжүүлэх санал гаргажээ. Гэвч УИХ-ын байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр 235 зарчмын зөрүүтэй санал гарсан тул Засгийн газар төслөө татан авсан байна.

Ерөнхий сайдын хэлснээр, ногдол ашиг авах асуудлыг орхигдуулаагүй бөгөөд хэмжээ, хуваарилалтыг эцэслэн тохиролцсоны дараа Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлд зарцуулах аж. Харин ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараахгүй бөгөөд ингэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөх шаардлагатайг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ