З.ЭНХБОЛД: МЕТАЛЛЫН НЭРТЭЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО

img

 

З.Энхболдын егөөний цаана АН-ын найдвар, МАН-ын сорилт, улс төрийн өрсөлдөөний бодит зураг нуугдаж байж болох уу?

“Ирэх жил нэрэнд нь ямар нэг металлын нэр орсон хүн Ерөнхийлөгч болно гэж мэргэн хүн хэллээ.”

УИХ-ын дарга асан З.Энхболдын цахим хуудаснаа бичсэн энэ өгүүлбэрийг улс төрийн хошигнол гэж харах уу? Гэхдээ иймэрхүү хошигнол заримдаа далд мессеж өгдөг талтай. Тэр тусмаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриа эртнээс эхэлж, намуудын доторх нэр дэвшигчдийн өрсөлдөөн олны анхааралд орж буй энэ үед. З.Энхболд нэр дэвших боломжтой улстөрчдийг металлын нэрээр ангилж, эцэст нь “2027 онд Ерөнхийлөгч АН-аас сонгогдоно” хэмээн дүгнэжээ. Алт, ган, төмөртэй холбоотой нэрсүүдийг таамаглаж байгаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг гаргаж болохоор байна.

З.Энхболдын жагсаалтад АН-ын нэр дэвших боломжтой дөрвөн улстөрч багтжээ. Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Д.Ганбат.

АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж яригдаж буй улстөрчид цөөнгүй байгаа бөгөөд тэдний хэн нь намынхаа эцсийн сонголт болох нь тусдаа том асуудал юм. АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Ганбаатар, Д.Ганбат нараас гадна О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Х.Баттулга нарын нэрс ч цухалзаж эхэлсэн.

З.Энхболдын ангиллаар Г.Занданшатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Батцэцэг нар металлын нэргүй талд нь бий.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриаг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, нэр дэвшигчдийн өрсөлдөөн эхэлж буй ч эцсийн сонголт хараахан тодорхой болоогүй байна. АН-ын хувьд хэнийг нэр дэвшүүлэх, дотоод өрсөлдөөнийг хэрхэн шийдвэрлэх, олон нийтийн дэмжлэгийг бодит улс төрийн боломж болгон хувиргаж чадах эсэх нь чухал. МАН-ын хувьд мөн адил нэр дэвшигчийн сонголт, төрийн бодлогын үр дүн, сонгогчдын үнэлгээтэй холбоотой олон асуудал бий. Тэгэхээр 2027 онд металлын нэртэй хүн Ерөнхийлөгч болох эсэхийг мэргэн хүн хэлэх биз. Харин хэн Ерөнхийлөгч болохыг Монголын сонгогчид шийднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам хэнээ нэр дэвшүүлэх нь намын дотоод асуудал мэт харагдавч эцсийн шийдвэрийг сонгогчид гаргана. Сонгууль болоход олон сарын хугацаа үлдсэн ч боломжит нэр дэвшигчдийн тухай яриа аль хэдийн өрнөж эхэлсэн. Улс төрчид, намын хүрээнийхэн, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хэн нэр дэвших, хэн дэмжлэг авах, аль нам ямар сонголт хийх талаар өөр өөрийн таамгийг дэвшүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ