Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Мачадо эх орондоо эргэн ирлээ

img

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо нэг жил гаруйн хугацаанд гадаадад байсны эцэст эх орондоо эргэн иржээ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа буцаж ирэхийг оролдсон ч бүтэлгүйтэж байсан юм.

Мачадо ням гарагт сошиал хуудсандаа “Би энд байна. Та бүхэнтэйгээ хамт” хэмээн бичжээ. Түүнийг Лара мужийн нэгэн сүмд очиход цугларсан хүмүүс “Эрх чөлөө!” хэмээн уриалан угтсан байна. Тэрбээр нийслэл Каракас хот руу газраар зорчихоор төлөвлөжээ.

Мачадогийн эх орондоо эргэн ирсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай харилцах харилцаанд анхаарал татаж байна. Трамп Мачадог дэмжихийн оронд Венесуэлийн түр ерөнхийлөгч Дэлси Родригестэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Мачадогийн аюулгүй буцаж ирэх нөхцөл бүрдсэн нь АНУ-ын дэмжлэгтэй эвлэрлийн хэлэлцээний үр дүн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Венесуэлд чөлөөт, шударга сонгууль явуулж, ардчиллыг тайван замаар сэргээх боломж бүрдэж байгааг онцолжээ.

Мачадо цаашид улс төрийн хоригдлуудын ар гэрийнхэн, ардчиллын хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзаж, чөлөөт, шударга сонгуулийн товыг тогтоохын төлөө ажиллахаар төлөвлөж байна. Мөн түүний улс төрийн хөдөлгөөн гадаадад амьдардаг Венесуэлийн иргэдийг сонгогчдын бүртгэлд хамруулах аппликэйшн танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ