Ерөнхийлөгчийн айлчлал боловсрол, соёл, бизнес, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо
Аравдугаар сарын 23-нд ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ өрнүүлэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, батлан хамгаалах болон “Тэрбум мод”, “Цагаан алт”, хүнсний хангамжийн үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
Боловсролын салбар айлчлалын гол чиглэлүүдийн нэг байв. Монгол Улс Туркугийн их сургууль, Зүүн Финландын их сургуультай хамтран ажиллах баримт бичиг байгуулсан бөгөөд Зүүн Финландын их сургуульд жил бүр тав хүртэлх монгол оюутан бакалавр, магистрын түвшинд суралцах боломж бүрдүүлэхээр болжээ. Мөн Финландын “KiVa” үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, туршихаар тохиролцсон байна.
Соёлын салбарт хоёр улсын үндэсний музей хамтран ажиллаж, судалгаа, сургалт, үзэсгэлэн зохион байгуулах боломжийг нээв. Түүнчлэн Монголын Хөвсгөл аймаг, Финландын Лапланд муж тогтвортой аялал жуулчлал, байгаль хамгаалал, цаа бугын аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Эрчим хүчний салбарт дулааны эрчим хүч хуримтлуулах технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг судална.
Айлчлалын хүрээнд Хельсинки хотод Монгол-Финландын бизнес форум болж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын парламентын дарга Юусси Халла-Ахотой уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Тэрбээр Хиетаниеми цогцолборт цэцэг өргөн, Финландын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зүтгэсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Ийнхүү 16 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд хэрэгжсэн айлчлал боловсрол, соёл, бизнес, эрчим хүч болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой тохиролцоогоор өндөрлөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ