10 САЯАР ЗУГААЦДАГ ТӨМӨР ЗАМЫН ДАРГА ХЭН БЭ?
Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц, төсвийн зарцуулалт, албан тушаалтнуудын ёс зүйн асуудал дахин сөхөгдөхөд хүргэлээ. Өчигдөр /2026.11.01/ сошиал орчинд тарсан дөрвөн минут гаруйн бичлэгт нэгэн эмэгтэй хамт байгаа хүнээ саяхан төмөр замын нээлтэд оролцсон компанийн дарга хэмээн танилцуулж, өөрт нь 10 сая төгрөг шилжүүлсэн тухай ярьсан. Саяхан нээлтээ хийсэн гэвэл Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замыг Монгол Улс ашиглалтад оруулсан. Хамт байгаа эрэгтэй ч мөнгө шилжүүлсэн тухайгаа ярьж баталсан нь согтуурхсан үедээ хийсэн тэдний бичлэгт үлджээ.
Олон нийтийн дунд бичлэгт гарч буй хүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэж таамаглаж буй ч баттай биш. Тиймээс тухайн хүний хэн болох, 10 сая төгрөгийн эх үүсвэрийг эрх бүхий байгууллага тогтоох шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Энэ бичлэг бол төрийн өмчит компанийн удирдлагын ёс зүй, санхүүгийн сахилга бат, нийтийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг дахин сөхөх шалтгаан болж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл бол улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт. Төслийн эхний үе шатны батлагдсан төсөв 850.45 тэрбум төгрөг. 2025 онд 93 аж ахуйн нэгжтэй нийт 622.82 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 461.61 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлж байгаа компанийн санхүү, удирдлага, дотоод хяналт ямар түвшинд байх ёстой вэ? Үндэсний аудитын газрын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагын зардал 17.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны 8.98 тэрбум төгрөгөөс бараг хоёр дахин өссөн байна. Мөн ажилтны батлагдсан орон тоо 599 байхаар төлөвлөгдсөн ч жилийн эцэст 1280 болгон нэмэгдүүлжээ. Аудитын тайланд 36.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Эдгээр тоо бол төрийн аудитын тайланд туссан баримт.
Төрийн өмчит компаниудын нэг том асуудал бол удирдлагын бүтэц хэт нүсэр, албан тушаалын давхардал ихтэй гэх олон нийтийн шүүмжлэл юм. Нэг ажлыг хэд хэдэн дарга хариуцна. Нэг даргын дор дахин хэд хэдэн газрын дарга ажиллана. Харин бодит бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч байгаа инженер, техникч, замчдын хөдөлмөрийн үр өгөөжийг хэн тооцож байна вэ? 100 ямаанд 60 ухна тавьсан ч сүргийн ашиг шим нэмэгдэхгүйтэй адил удирдлагын орон тоог нэмэгдүүллээ гээд бүтээмж өсдөггүй газар болон хувираад он удаан жил болж байна.
Энд олон нийтийн хамгийн ихээр эгдүүцэл төрүүлж буй зүйл бол 10 сая төгрөг. Өнөөдөр Монголд 10 сая төгрөг гэдэг жирийн хөдөлмөр эрхэлдэг иргэний хэдэн сарын, зарим тохиолдолд хагас жилийн хөдөлмөрийн хөлстэй дүйх хэмжээний мөнгө. Өглөөнөөс орой хүртэл ажиллаж, амьдралаа арайхийн залгуулж байгаа олон мянган хүний хувьд ийм мөнгө цуглуулах гэдэг амаргүй даваа. Гэтэл намын шугамаар албан тушаалд очсон гэх шүүмжлэл дагуулдаг төрийн өмчит компанийн дарга нарын нэр холбогдсон бичлэгт 10 сая төгрөгийг зүгээр л нэг оройн зугаа цэнгэлийн зардал мэт ярьж, архидан согтуурч, ёс зүйгүй авирлаж явна. Үнэхээр хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа босгож, мөнгөний үнэ цэнийг мэдэрч ирсэн хүн 10 сая төгрөгийг ийм байдлаар үрэхэд амаргүй байх. Харин албан тушаал, эрх мэдэл, улс төрийн томилгоог амьдралынхаа боломж гэж хардаг хүмүүсийн хувьд нийтийн итгэл, хариуцлагын үнэ цэнэ хаана байна вэ гэдэг асуулт эндээс урган гарч байна. Хамгийн гол нь 10 сая төгрөг хувийн орлогоос гарсан уу, эсвэл төрийн өмчит компанийн хөрөнгө, албан тушаалын нөлөөгөөр бий болсон боломжийг ашигласан уу гэдгийг хуулийн байгууллага нь мухарлачих биз. Гэсэн ч мөнгөний эх үүсвэрээс үл хамааран төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан хүн олон нийтийн итгэлийг даах ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байх учиртай ч нам дагаж уулын оройд мацагсдад ийм хэмжээний ёс суртахуун даанч байдаггүй юм байна.
Төрийн өмчит компани бол дарга нарын зугаа цэнгэлийн газар биш. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, нийтийн өмчийг удирдаж байгаа бол хариуцлагаа ч нийтийн өмнө хүлээх ёстой. Иргэдийн хөдөлмөрөөр бий болсон мөнгийг хэдхэн хүний тансаглал, хариуцлагагүй байдалд зарцуулдаг тогтолцоо байж болохгүй бөгөөд эрх баригч МАН-ынхан энэ мэтийн ‘’тархигүй хурган дарга’’ нараа ТӨХК-иас арчих хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ