Трампын гэрийн ойролцоо онгоц осолдож есөн хүн амиа алджээ

img

 

Ням гарагт АНУ-ын Флорида мужийн өмнөд хэсэгт, ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эзэмшлийн Мар-а-Лаго амралтын цогцолбороос ердөө хэдхэн километрын зайд орших суурьшлын бүсэд бизнес ангиллын Learjet онгоц унасны улмаас есөн хүн амиа алдсан тухай албаныхан мэдээлжээ.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хэд хэдэн дүрс бичлэгт уг онгоц бараг босоо чиглэлд маш өндөр хурдтайгаар газар мөргөсний дараа асар том галт бөмбөлөг үүсэж, хөл хөдөлгөөн ихтэй замын хажууд том нүх үлдээсэн нь харагдаж байна.

АНУ-ын тээврийн сайд Шон Даффи мэдэгдэлдээ Флорида мужийн Палм Бич тойрогт болсон энэхүү онгоцны осол нь "аймшигт эмгэнэлт явдал" болсныг онцлоод онгоцонд зорчиж байсан есөн хүн бүгд амиа алдсаныг баталжээ.

Даффигийн хэлснээр Learjet 60 загварын уг онгоц нь Техас мужийн Остин хотоос хөөрч, Бахамын арлуудыг чиглэж явсан байна.

 

Уг осол Палм Бич тойргийн Крестхэвен хэмээх дүүргийн ойролцоо гарсан бөгөөд энэ газар нь Мар-а-Лаго цогцолбороос 11 км хүрэхгүй зайд оршдог юм.

Дональд Трамп өөрөө Ням гарагт Мар-а-Лагод байсан бөгөөд ослоос нэг цаг орчмын өмнө буюу орон нутгийн цагаар 11:55 цагт АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцонд сууж, саяхан нэрээ "Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп олон улсын нисэх онгоцны буудал” болгон өөрчилсөн буудлаас хөөрчээ.

Тухайн үед энэ бүс нутагт салхи шуурга, бороотой байсан бөгөөд Трамп онгоцонд орохдоо шүхэр барьж явсан байна.

АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA), Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB) уг ослын шалтгааныг хамтран шалгах болсноо мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ