4.1 тэрбум жилийн настай солироос Ангараг гарагт ус байсны ул мөр илэрчээ

img

 

2022 онд Мали улсын Сахарын цөлөөс олдсон “Teghaza 001” нэртэй солирыг эрдэмтэд дор хаяж 4.1 тэрбум жилийн настай болохыг тогтоожээ. Уг солир нь дэлхийгээс олдсон Ангараг гарагийн гаралтай 435 солирын дотроос хамгийн эртнийх байх магадлалтай аж.

Судлаачид солирын химийн найрлага, эрдсүүдэд хийсэн шинжилгээгээр эртний Ангараг гарагийн гадаргуу дээр шингэн ус байсныг илтгэх баримтууд илрүүлсэн байна. Тодруулбал, ус Ангараг гарагийн царцдасны гүн рүү нэвчиж, хайлмал чулуутай харилцан үйлчилж байсныг хүчилтөрөгч, устөрөгчийн изотопууд харуулжээ.

НАСА-гийн гараг судлаач Ян Люгийн тайлбарласнаар уг солир Ангараг гарагийн гадаргуу аажмаар хөрч, талстжих явцад устай харилцан үйлчилж үүссэн галт уулын гаралтай чулуулаг юм. Эрдэмтэд циркон талст дахь уран хар тугалга болон задардаг зарчимд тулгуурлан насыг нь тогтоосон байна.

Өнөөдөр Ангараг гараг хүйтэн, хуурай боловч олон тэрбум жилийн өмнө гадаргуу дээр нь гол мөрөн, нуур, бүр далай байсан гэх нотолгоо бий. “Teghaza 001” солирын олдвор нь энэ таамаглалыг улам бататгаж, эртний Ангараг гараг амьдрал үүсэхэд шаардлагатай нөхцөлтэй байсныг харуулж байна.

Гэхдээ судлаачид уг олдвор Ангараг гараг дээр амьдрал байсныг шууд нотлохгүй гэдгийг онцолжээ. Харин амьдрал үүсэхэд шаардлагатай ус болон бусад нөхцөл тухайн үед бүрдсэн байж болохыг дэмжиж байгаа юм.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар солир Ангараг гарагийн өмнөд өндөрлөг хэсэг, магадгүй Хеллас сав газрын ойролцоогоос гаралтай. Гарагийн гадаргууг солир эсвэл өөр биет мөргөх үед сансарт шидэгдэж, улмаар дэлхийн агаар мандалд нэвтэрч Сахарын цөлд унасан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ