Татварын шинэчлэл иргэдэд ажил нэмэх биш, хөнгөвчлөх ёстой
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь иргэдэд мөнгөн дэмжлэг болох нь тодорхой. Харин баримтыг иргэд заавал гар утсаараа QR код уншуулж бүртгүүлэх бус автоматаар бүртгэдэг болгох нь татварын бүртгэлийг сайжруулж, далд борлуулалтыг багасгахад нэмэр болно.
2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр татварын баримтын бүртгэлийг автоматжуулж, татварын хамрагдалтыг 90 орчим хувьд хүргэх зорилт ярьж байсан. Ингэснээр татварын орлого 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол ч танилцуулсан байдаг.
Тэгвэл татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа төр иргэдэд заавал баримтаа өөрсдөө бүртгүүлэх ажлыг үлдээж байгаа нь татварын шинэчлэл бус эсрэгээрээ иргэддээ бас нэгэн ажил нэмсэн ухралтыг харуулж байна. Төр засгийн зүгээс энэ системийг хэзээ бүрэн автоматжуулах, буцаан олголтыг хэрхэн нэмэгдүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй.
Тодруулбал НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд төсөвт жилд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ? Баримтыг автоматаар бүртгэдэг болгоход ямар саад байна вэ? Банкны карт, QR болон бэлэн мөнгөний худалдан авалтыг нэг системд холбож болох уу? Автомат бүртгэл татварын орлогыг хэдээр нэмэгдүүлэх вэ? зэрэг асуултад холбогдох байгууллагууд бодит тооцоо, хугацаатай хариулт өгөх шаардлагатай байна.
Эцсийн дүндээ иргэн дэлгүүрээс бараа авахдаа татвараа төлж байгаа бол буцаан олголтоо авахын тулд баримтаа хадгалж дээрээс нь цаг гарган бүртгүүлнэ. Эс бол буцаан олголт авах нь битгий хэл сугалаанаас ньч сугарч үлдэнэ гэсэн үг. Товчхондоо бол төрийн цахим шинэчлэлийн систем иргэдийн ажлыг хөнгөвчлөх бус нэмж ажил үүрүүлсээр байх уу?
Цахим систем хөгжсөн өнөө үед түгжрэл, бензины хомстол, утааны хордлогын хажуугаар баримт хадгалж бүртгүүлэх ажлыг ядаж иргэний нуруунаас авах цаг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ