СОНГУУЛЬ ДӨХӨЖ, ТӨСӨВ ТОМОРЧЭЭ
2027 оны төсөв иргэдийн амьдралыг сайжруулах тухай том амлалттай ч зарлагын өсөлт, уул уурхайн орлогоос хэт хамааралтай байдал, үр ашиг нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд олон асуулт дагуулж байна. Сонгуулийн өмнөх жилд татвар төлөгчдийн мөнгөөр эдийн засгаа хөгжүүлэх үү, эсвэл улс төрийн оноо цуглуулах уу?
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл тэр чигтээ нүсэр тоо. Тэнцвэржүүлсэн орлого 41.3 их наяд, зарлага 43.6 их наяд, алдагдал 2.3 их наяд төгрөг. Засгийн газар ирэх онд улсынхаа эдийн засгийг 5.8 хувиар өсгөж, инфляцыг тогтворжуулан, иргэдийн бодит орлогыг хамгаална гэж амлаж байна. Цалин, тэтгэвэр нэмнэ, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжинэ, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ, эрчим хүч, зам тээврээ хөгжүүлнэ. Бараг л иргэдийн амьдралд хэрэгтэй бүхэн энэ төсөвт багтжээ.
43.6 их наядын төсөв, 2.3 их наядын алдагдал
2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.6 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөгджээ. Өмнөх оны батлагдсан төсөвтэй харьцуулахад нийт зардал 32.2 хувиар нэмэгдсэн гэх аудитын дүгнэлт бий. Энэ бол зүгээр нэг тоон өсөлт биш. Төрийн зарлага ийм том дүнгээр тэлж байгаа үед түүний үр өгөөж, санхүүжилтийн эх үүсвэр, ирээдүйн өрийн дарамтыг зайлшгүй асуух ёстой. Нэгдсэн төсвийн алдагдал 2.306 их наяд төгрөг. Засгийн газар үүнийг ДНБ-ий хоёр хувьд барих зорилт тавьжээ. Хуулийн хязгаарт багтаж байгаа нь төсөв сайн гэсэн ойлголт биш. Төсвийн сахилга бат гэдэг ирээдүйд төлөх өр, эдийн засгийн эрсдэлийг тооцож, өнөөдрийн мөнгийг хамгийн өндөр үр өгөөжтэй зүйлд зарцуулахыг хэлнэ. Харин энэ зарчмаар ирэх оны төсвийн төслийг харвал хэрэглээнд илүү зарцуулагдахаар харагдав. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсанаар нийт зардлын 77.5 хувь буюу 33.6 их наяд төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны зардал эзэлж байна. Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг төлөвлөжээ. Мэдээж багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь буруу биш. Ахмадуудын тэтгэврийг нэмэх нь ч зөв. Гэхдээ төрийн байгууллагын зардал нэмэгдэж байхад иргэдэд хүрэх үйлчилгээний чанар яг хэр хэмжээгээр сайжрах бол? Цалин нэмэхийн тулд байгууллагуудын бусад зардлыг танасан нь эмнэлэгт хэрэглэгдэх эм, сургуулийн хэрэглэгдэхүүн, хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт дутагдах эрсдэлтэйг аудит анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, эмчийн цалинг нэмсэн ч эмнэлэгт эмгүй, багшийн цалинг нэмсэн ч сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжгүй үлдэнэ гэсэн санаа. Хамгийн гол нь төсөв бол төрийн албан хаагчдын цалинг санхүүжүүлэх хэрэгсэл төдий биш бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх эдийн засгийн бодлого байх ёстой.
Орлогоо уул уурхайн ногдол ашигт даатгасан төсөв
2027 оны төсвийн орлогын төлөвлөлтөд хамгийн их эргэлзээ төрүүлж буй асуудал бол уул уурхайн орлого, төрийн өмчит компаниудын ногдол ашигт найдсан байдал.
Аудитын мэдээллээр төсөвт компанийн ногдол ашгаас нийт 6.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс Оюу толгойгоос 3 их наяд, Эрдэнэс Тавантолгойгоос 2.5 их наяд төгрөг авахаар төлөвлөсөн байна. Нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэж, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар тооцсон нь ч төсвийн орлогын чухал суурь болжээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдал Засгийн газрын хүссэнээр байхгүй. Хятадын эдийн засгийн өсөлт саарах, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжлэх, нүүрсний эрэлт буурах, зэсийн үнэ хэлбэлзэх зэрэг эрсдэл бодитой хэвээр байна. Төмрийн хүдрийн үнэ ч 2027 онд буурах төлөвтэй байна. Нэг үгээр хэлбэл, төсвийн орлогоо бүрдүүлэхдээ дэлхийн зах зээлээс ихээхэн хамааралтай мөртлөө зарлагаа аль хэдийнэ томоор төлөвлөчихсөн байгаа юм. Уул уурхайн орлого тасарвал яах вэ? Ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд орж ирэхгүй бол яах вэ? Аудитын байгууллага ийм нөхцөлд төсөл, хөтөлбөрүүд санхүүжилтгүй болох, цаашлаад дараа жилийн татварын орлогыг урьдчилан авах нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулжээ. Байгалийн баялгийн орлогоор төсвөө тэлж болох ч орлого тасарвал зардлыг нь яаж төлөх вэ?
815 төсөл, 318 шинэ ажил улс төрийн хуваарилалт уу?
2027 оны улсын төсвийн төсөлд 5.77 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаж, нийт 815 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 318 нь шинээр эхлэх төсөл. Шинээр эхлэх төслүүдэд 3.22 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр шинээр хэрэгжүүлэх 318 төслийн 58 нь тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй байна. Мөн олон жил дамжин хэрэгжих 196 төслийн санхүүжилтийг 224.1 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөжээ. Тэгэхээр Н.Учралын Засгийн газар нэг гараараа олон шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж, нөгөө гараараа өмнө эхлүүлсэн ажлуудаа бүрэн санхүүжүүлж чадахгүй байна гэсэн үг. Ийм нөхцөлд шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам барих нь буруу биш. Харин аль нь хамгийн хэрэгцээтэй, аль нь эдийн засаг, нийгэмд бодит өгөөж өгөхийг эрэмбэлж чаддаг байх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтын 88.6 хувь нь барилга байгууламжид ногдож байхад цахим системд ердөө 8.8 тэрбум төгрөг төлөвлөсөн нь ч төрийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын бүтцийн талаар асуухад хүргэж буй. Хөгжил гэдэг дандаа барилга барихын нэр биш. Барьсан барилга дотор ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар, ашиглалтын зардал нь хамтдаа төлөвлөгдсөн байх ёстой. Харин аудитын байгууллага үндэслэл, тооцоо нь хангалтгүй, хэмнэх боломжтой 21.1 тэрбум төгрөгийн зардлыг хасах боломжтой гэж үзжээ. Төсвийн 43.6 их наяд төгрөгийн зарлагын дунд 21.1 тэрбум төгрөгийн үндэслэлгүй зардал байгаа нь жижиг асуудал мэт харагдаж болох ч төрийн мөнгийг зарцуулах хариуцлага хаана байгааг харуулж буй хэрэг.
Сонгуулийн өмнөх төсөв үү?
2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ цаг хугацааны давхцлыг улс төрийн өнцгөөс харахгүй өнгөрөх боломжгүй. Төсөвт цалин, тэтгэвэр нэмэх, орон нутагт хөрөнгө оруулалт хийх, олон шинэ төсөл эхлүүлэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд шууд мэдрэгдэхээр олон бодлого тусгажээ. Орон нутагт мөнгө хуваарилах нь төвлөрлийг сааруулах бодит алхам байж болох ч аймаг, сум бүрт хэрэгцээ, үр өгөөжөөр нь бус, улс төрийн нөлөө, сонгуулийн тооцоогоор төсөл хуваарилах нь ердөө л улс төрийн хөрөнгө оруулалт гэж харагдаж буй. Цалин, тэтгэвэр нэмэх нь иргэдийн амьжиргааг хамгаалах бодлого мөн. Гэхдээ инфляцын өсөлтийг хянаж чадахгүй бол өнөөдөр нэмсэн мөнгө маргааш үнийн өсөлтөд шингээд алга болно. Тиймээс 2027 оны төсвийг сонгуулийн өмнөх улс төрийн мөчлөгт ашиглагдах боломжтой, зарлага нь эрчимтэй тэлсэн төсөв гэж дүгнэж болохоор байна.
Засгийн газар 2027 онд эдийн засгийг 5.8 хувиар өсгөж, инфляцыг 7-8 орчим хувьд тогтворжуулах зорилт дэвшүүлжээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрлээ гэхэд тэр өсөлт айл өрхийн орлогод хэрхэн шингэх вэ? Жижиг, дунд бизнесийн орлого нэмэгдэх үү? Ажлын байр бий болох уу? Өрхийн худалдан авах чадвар бодитоор сайжрах уу?
Улсын төсвийн төсөлд боловсролын салбарт 7.54 их наяд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт 6.1 их наяд, эрүүл мэндэд 2.62 их наяд төгрөгийн зарлага төлөвлөжээ. Бүгд л чухал салбарууд. Гэхдээ сайн зорилго муу төлөвлөлтийг зөвтгөхгүй. Уул уурхайн орлогоор төсвөө тэлж, төр байнгын зардлаа өсгөж, үр ашиг нь бүрэн тогтоогдоогүй олон шинэ төсөл эхлүүлэх нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн загвар мөн үү гэдэгт Засгийн газар хариулах ёстой. 2028 оны сонгууль ойртож байгаа энэ үед 2027 оны төсвийг иргэдийн төлөөх төсөв гэж нэрлэхэд хангалттай нотолгоо хараахан алга. Харин сонгуулийн өмнөх улс төрийн мөчлөгтэй давхцсан, зарлага нь эрчимтэй тэлсэн, уул уурхайн орлогоос ихээхэн хамааралтай төсөв гэдэг нь тоонуудаас харагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ