Шүүхийн мониторингийн асуудлаар мэдээлэл хийлээ

img

Шүүхийн мониторингийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав Монголын шүүхэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилт, цаашдын зорилт сэдвээр Улсын Дээд шүүхээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Улсын Дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн мониторингийн ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа, Германы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Жавхлан, Нийслэлийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Э.Ариунаа, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Д.Наранцэцэг нар оролцож, шүүхийн мониторинг болон энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, энэ нь шүүх болон иргэдэд ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэл хийв. Улсын Дээд шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мониторингийн төсөл хэрэгжүүлэх саналыг Германы Олон улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгт тавьснаар Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл 2008 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд тус бүр 3 жилийн хугацаатай хоёр үе шаттай байхаар төлөвлөгдсөн байна. Энэ төслийн хүрээнд шүүхийн мониторингийн тогтолцоо буюу орчин үеийн менежментийн арга барилыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн олон талт ажил хийгджээ. Тухайлбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Монгол Улсын Шүүхийн мониторингийн үзэл баримтлал” батлагдсан аж. Энэ тогтоолоор шүүхийн мониторингийг хэрэгжүүлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох асуудал, түүнийг хэрэгжүүлэх түвшин, үе шатыг тодорхойлсон байна. Эдгээрийн дотор Шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, шүүхийн захиргааны мэргэшсэн албатай болох, шүүгч, ажилтнуудын ажлын ачааллыг судалж тэнцвэржүүлэх, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтын тогтолцоог өөрчлөх, хэргийн хөдөлгөөний стандартыг дэмжсэн, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамжийг шинээр нэвтрүүлэх зэргээр шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зүйлс багтжээ. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах бөгөөд шүүхийн нээлттэй ил тод, хүртээмжтэй байдалд том нөлөө үзүүлэх юм. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орчин үеийн техник, технологийн дэмжлэгтэйгээр хөнгөвчлөх, түргэн шуурхай, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлснээр иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хуваарилалт, статистик мэдээ, иж бүрэн мэдээллийн сан, боловсронгуй бүртгэлийн болон хайлтын систем, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх боломж бүхий дотоод хяналтын системтэй болох аж. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт өөрчлөлт гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа арилж, ажлын чанар сайжрах  ач холбогдолтой юм байна. Одоогоор Нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн шүүх, Өмнөговь, Орхон аймгийн шүүхүүдэд иргэний хэргийн програм хангамжийг нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Шүүхэд дээрх програм хангамжийг нэвтрүүлснээр шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагаанд тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажиллагаа болно гэж шүүгчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хандаа:
болиоч дэээ аль хэдийн хийсэн юмыг дахиж хийсэн болж цаас бычээд биднийг өрөнд оруулаад
2012-01-27