Зоос банкны хохирогчид тэмцэнэ

img

Зоос банкны захирал асан Ш.Чуданжий нарын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн энэ сарын 16-ны өдөр  Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлсэн билээ. Тус дүүргийн шүүгчид  хавтаст хэрэгтэй танилцах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Зоос банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нар яллагдагчаар татагдаад буй. Тэднийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.

Түүнчлэн Зоос банкны гэх тодотголтой уг хавтаст хэргээс Зоос банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг салгаж шүүх рүү шилжүүлж байсан юм.

Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.

Олон арван хохирогчтой уг хэргийг эцэслэн шийдэгдэхгүй   хоёр он дамжиж удааширч байгаад хохирогчдын түр хорооныхон бухимдан Үндсэн хуулийн цэцэд хоёр үндэслэлээр ханджээ. Гэвч холбогдох албанынхан ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрч байгаад тэд  бухимдаж тэмцлийн хэлбэрийг сонгох болсноо мэдэгдсэн байна.

Хохирогчид Үндсэн хуулийн цэцэд хандсан үндэслэлдээ  2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон  болохоор  хуулийн дагуу бол уг асуудлыг УИХ мэдэх ёстой гэж үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.2-рт зааснаар “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж заасан байтал Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтрүүлж УИХ өмнөөс шийдвэр гаргасан.

Мөн Банкны тухай хуулийн арвандолдугаар зүйлд заасан “Төсвөөс санхүүждаг хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк байгуулж болно” гэж заасан байдаг аж.

Гэтэл төсвөөс санхүүждаг хуулийн этгээд бол Сангийн яам байтал ийн хууль зөрчсөн үйлдэл хийсэн аж. Тиймээс уг асуудлыг Үндсэн хуулиар авч үзэх шаардлагатай гэж хохирогчдын хорооныхон үзэж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сөд:
Ард түмний мөнгийг идэж шамшигдуулсан энэ шуналтай хүүхнүүдээс мөнгөө авах хэрэгтэй. Эд нар гадаадын банкинд байршуулсан байгаа шүү.
2012-02-17
өд:
хийсэн хэрэг нь тодорхой байхад гэмт этгээдүүд ял завшиж иргэдийг хохироож байна тэд их хөрөнгөтэй хурааж авч хохирлыг нөхөж болно төр хаанаа ялзраад байна
2012-01-30
ene neeree yu bolood zamharaad bainaa, Chingeltei duurgiin Ganbat shuugchee aan
2012-01-30