
Уран нугараач охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан Г.Энх-Амгаланд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд товлогдсон ч дахин хойшиллоо. Хурлыг хойшлуулах болсон үндэслэл нь шүүгдэгч Г.Энх-Амгалан хуулийн дагуу хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.
Өмнө товлогдож хойшилсон хурлын үеэр Г.Энх-Амгалан багш сэтгүүлчид рүү дайрч, бүх зүйл дууссаны дараа шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан билээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 181-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн аж. Г.Энх-Амгалан багшид Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд хагас жил болсон юм
Одоогийн байдлаар Г.Энх-Амгалан нь Монголын Үндэсний цирк буюу одоогийн АСА циркт циркчин, багш сургагчаар ажиллаж байгаа юм.
Хэргийн талаар сануулбал 13 настай О-г багш нь зодсон хэрэг одоогоос нэг жилийн өмнө болж, хохирогч охины ээж өнгөрсөн оны аравдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гарган үнэн мөнийг нь тогтоож, зохих шийтгэлийг нь хүлээлгэхийг хүсчээ.
Хохирогч охины ээжийн өгсөн мэдээллээр бол АСА циркийн жүжигчид өнгөрсөн онд ОХУ-ын хотуудаар аялан тоглохдоо “Шинэ цирк” төвтэй хамтарч агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлжээ. Ингэхдээ уран нугараач О-г сайн нугарсангүй гэсэн шалтгаанаар Г.Энх-Амгалан багш хурц үзүүртэй төмрөөр шилбэ рүү нь цохиж хөх няц болгож биед нь хүнд гэмтэл учруулсан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ