20 үйлдэлтэй 22 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүх хулгай, дээрэм, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргосон, ийнхүү оргох явцдаа гэмт хэрэг үйлдсэн болон хүчингийн гэмт хэрэгт холбогдсон 22 залуусын хэргийг 2012 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Энэ нь хорих 461 дүгээр ангид шинээр байгуулагдсан шүүх хуралдааны танхимд хийгдсэн анхны шүүх хурал юм. Олон оролцогчтой, ээдрээ маргаантай хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан уг танхимд болсон энэ шүүх хуралд 22 шүүгдэгч, тэдний 17 өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүн гээд нийт 56 хүн оролцсон байна.
Шүүгдэгчийн 4 нь насанд хүрээгүй, мөн зарим шүүгдэгчид прокуророос хүчингийн гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул шүүх хуралдаан хаалттай явагджээ.
Нийслэлийн Сонгинхайрхан дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэг шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна. Мөн насанд хүрээгүй 4 шүүгдэгчид бүлэг хулгай, дээрмийн хэрэгт нь тус бүр 5 жилийн хорих ял ногдуулаад, хуульд заасны дагуу уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн эдгээр залуусаас 4-ийг нь прокуророос хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан бөгөөд хүчингийн гэх энэ үйлдлийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон аж.
Ингээд 2008, 2010-2011 онуудад 1-20 удаагийн үйлдлээр бүлэглэн хулгай, дээрэм, мөрдөн байцаалтаас оргон зайлах явцдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, 17 шүүгдэгчид хэргийн оролцоо, хэдэн үйлдэлд гэм буруутай зэргийг нь харгалзан 3 жил 5 сараас 8 жил 6 сар хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ