Гал түймэрт хоёр хүн амь насаа алджээ
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн гудамжинд өнөө өглөөний 01:51 цагт 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг унтраасан байна. Харамсалтай нь энэ гал түймэрт 38-42 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амь насаа алджээ. Галыг бүрэн унтраасны дараа цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш гал түймрийн 1600 гаруй дуудлага ирж, аврагчид галын аюулаас 383 хүний амь насыг аварсан бол гал түймэрт эхний 9 сарын байдлаар 34 хүн амь насаа алдаад байгаа юм.
Гал түймрийн аюул гэдэг хэдхэн минутын дотор таны бүх насаараа хурааж, хуримтлуулсан хөрөнгийг үгүй болгодог аюулт үзэгдэл билээ. Галын аюулаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, айл болгон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх нь нэн чухал байна.
Хамгийн гол нь ахуйн хүрээний гал түймрийн 90 хувь нь зөвхөн иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Өөрөөр хэлбэл пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, яндангаас оч алдах, үнс, нурмаа дутуу унтрааж хашаандаа ил задгай хаях, лаагаа унтраалгүй явах зэрэг хүний шууд үйлдэлтэй холбоотой байна.
Мөн гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгаан угсралтын аюулгүй ажиллагааг хангах зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох зүйл их байна.
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар айл өрхөөр орж, галын аюулгүй байдлын шалгалтыг тогтмол хийдэг ч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж галын дуудлага ирсээр, хүмүүс амь насаа алдсаар байна.
Иймд НОБГ-аас гэр байшингийн цахилгаан монтаж утсыг мэргэжлийн хүнээр зориулалтын дагуу холбуулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг орон гэртээ байршуулах, түүнийг ашиглаж чаддаг байх, эвдрэл, гэмтэлтэй пийшин зуухаа яаралтай янзлуулах, яндангийн залгаасыг зөв хийж, гэмтэлгүй яндан ашиглах, гадна янданг гэрийн тотгоноос 70см-т, пийшин зуухны урд 50х70 см хэмжээтэй төмөр тавих, бага насны хүүхдийг асрах хүнгүй цоожтой орхихгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ