
Уран нугараач охиныг зодсон гэм буруу нь анхан шатны шүүхээр нотлогдож өнгөрөгч долоо хоногт таван жил нэг сарын хорих ял авсан сургагч багш Г.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана.
Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр ялласан юм.
Сануулахад, Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна.
Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан тухай гомдлыг охины асран хамгаалагч нар цагдаагийн байгууллагад гаргаж улмаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн билээ.
Мөрдөн байцаалтын явцад Г.Энх-Амгалан нь нугараач охиныг зодсон нь баримтаар тогтоогдсон учраас хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс түүнд холбогдох хэргийн хурал гурван ч удаа хойшлогдсоны дараа хэргийг нь хэлэлцэн таван жил, нэг сарын хорих ял оноосон юм.
Түүнийг гэм буруутай болохыг хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн зэрэг нь яллах үндэслэл болжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ