
Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан В.Нямхандад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Шүүх хуралдаанд улсын яллагчаар Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Т.Жанцан нар оролцож, төрийн нууцтай холбоотой хэрэг учир шүүх хуралдааныг хаалттай явуулж байв. Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас түүнд холбогдох хэргийг дахин мөрдлөгө явуулж дуусч, прокурорын хяналтад шилжүүлэхээр болсон байна.
Түүнд үүсгэсэн 79.1-т заалтаар бол Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүнчлэн хурандаа В.Нямханд нь тагнуулын байгууллагаас халагдсаныхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан гадаад улс руу зорчсон гэсэн мэдээлэл ч бий. Уг нь тагнуулын ажилтан албанаасаа чөлөөлөгдсөн бол хуульд зааснаар гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаардлага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна. Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах нэгэн үндэслэл болсон бололтой.
Тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэх мэдээлэл ч бий. Тодруулбал В.Нямханд Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн гэх.
Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Дараа нь буюу 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа “Савана” ресторанд ТЕГ-ын ажилтан хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй марган зодолдсон учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ