
Тангараг өргөсөн цагаан нөмрөгтний буруугаас дөнгөж мэндэлсэн бяцхан охин хорвоог орхисон эмгэнэлтэй хэрэг гарчээ. Баримт сөхвөл Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд иргэн Н-гийн эхнэр Э энэ сарын 5-ны өдөр нярайлж 3кг 200 грамм охин төрүүлсэн байна. Төрөлтийн явцад Э эмэгтэйн охин архаг бүтэлттэй гарсан тул эмнэлгийн ажилтнууд хүчилтөрөгчийн аппарат залгажээ.
Гэтэл аппаратаас хий алдаж ээлжийн хоёр сувилагч гэмтэл гарсан хэсгийг бохиор наах оролдлого хийж будилсан байх юм. Энэ хооронд бяцхан охин амь насаа алджээ. Улсдаа томоохонд тооцогддог эмнэлгийн байгууллагын эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн хорвоог таньж амжаагүй охин ийн тэнгэрт хальжээ.
Эх сурвалжийн мэдээллээр иргэн Н эхнэр Э-гийн хамт жил гаруйн өмнө БНСУ-аас эх орондоо ирсэн аж. Тэд Монголдоо хамгийн томоохонд тооцогдох ЭНЭШТ-ийг бараадан хүүхдээ төрүүлэхийг хүсчээ. Гэтэл эхнэр Э-гийнх нь төрөх хугацаа болж умайн амсар нь нээгдчихээд байхад тус газрын Хүлээн авах тасгийн их эмч н.Ариунаа жирэмсэн эмэгтэйг төрөх тасагт хүлээн авахаас татгалзан гэр рүү нь буцааж байсан гэнэ. Тиймээс Э тус төвийн нэгэн танил эмчийнхээ гуйлтаар тус эмнэлэгт хэвтсэн гэнэ. Ингээд эмэгтэй хэт авиан оношлогоонд ортол түүний төрөх хугацаа аль эрт хэтэрч, эхэс нь дотроо ногоорч, хүүхдийн зүрхний цохилт өөрчилттэй болсон аж. Тиймээс эмч нар Э-д яаралтай хийсвэр хагалгаа хийх шийдвэр гаргасан нь тэр гэнэ.
Ийн эмч нарын шийдвэрээр Э хийсвэр хагалгаагаар охиноо төрүүлсэн ч архаг бүтэлттэй гарсан тул тус өдрийн ээлжинд гарч байсан эмч нар талийгаачийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн хэвтүүлж, хүчилтөрөгчийн аппарат залгажээ. Уг аппарат хий алдаж, сувилагч нар бохиор наах оролдлого хийж байх үеэр охин амьсгал хураажээ. Эл мэдээллийг бид холбогдох яам, эмнэлгийн ажилтнуудаас тодруулахыг хүссэн боловч талийгаач охины задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байна гэсэн хариулт өгч байна.
Ийн ЭНЭШТ-ийн эмч нарын буруугаас болж олон арван хүүхэд энэдэж, хохирч байгаа баримт шил шилээ даран хөвөрсөөр байна. Тухайлбал ЭНЭШТ-ийн эмч Б.Одгэрэл, С.Очир нарын буруутай үйлдлээс болж ой есөн сартай М.Номинжин охины тархи үхжиж, өнөөдөр гурван настай хараагүй, сонсголгүй, хүний асаргаанд байгаа тухай мэдээллийг ч манай сайт өмнө хүргэсэн. Хэдийгэээр цагдаагийн байгууллагаас дээрх хоёр эмчид эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Шүүх эмнэлэг гурвын дунд гурван жил шахам явж эцэст нь охины өвчний түүх өөрчлөгдөж төрөлхийн тархины өвчтэй байсан гэх оноштой болж хувирснаар хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Мөн охины өвчний түүхийг эмч нар зориудаар өөрчилсөн гэх мэдээлэл ч бий.
Тухайлбал “Охины зүрх хоёр удаа зогсч, цаг гаруй хэртээ амьсгал дэмжих эмчилгээ хийснээр амь насыг нь аварсан гэх өвчний түүхээс хуулсан Клиникийн захирал Ш.Энхтөрийн гарын үсэг бүхий бичилт, 2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед зүрх нь хоёр удаа зогссон” гэсэн тэмдэглэлийг авч шинээр хуудас нааж, нэмэлт бичилт хийсэн гэдгийг анхан шатны шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч шүүгчдэд мэдүүлсэн. Гэтэл эл хэргийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Бид дээрх мэдээллийг эргэн мэдээлнэ.
Н.Түвшин. Б.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ