
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь олон шинэлэг ажлуудыг хийсээр байгаа билээ. Ялангуяа албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Түүний нэг нь албан хаагчидаа орон сууцжуулах ажил юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын дийлэнх нь залуучууд байдаг. Тэдний хувьд орон сууцны асуудал хамгийн чухал байдаг.
Тиймээс албан хаагчид ажил, албаа сэтгэл тайван хаахад нь анхаарч тэднийг хамгийн түрүүнд орон сууцжуулах ажлыг зуун хувь биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдвэрлэсээр байгаа билээ. Өнгөрсөн оны 6 дугаар сард 190 айлын орон сууцыг алба хаагчиддаа үнэ, төлбөргүй хувьчилж өгсөн мөн Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 435 дугаар ангийн 23 албан хаагч, ахмад ажилтнууд орон сууцны түлхүүрээ өнгөрсөн 01 дүгээр сард тус тус хүлээн авсан.
Энэ удаад Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд баригдсан, 6438 мкв-т талбайтай, доороо 40 авто машины гражтай, 10 давхар 120 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна. Уг орон сууц нь зах зээлийн үнээс хямд үнэтэй бөгөөд чанарын өндөр төвшинд баригдсан орон сууц юм.
Түүнчлэн Багануур дүүрэгт баригдсан 1716 мкв-т талбайтай, доороо 20 авто машины гражтай, 6 давхар, 36 айлын орон сууцны барилгын ажил дуусч, оршин суугчид нь орон сууцны түлхүүрээ хүлээн авахад бэлэн болоод байна. Энэхүү орон сууцыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт болох юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ