
Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажилтнууд Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Прокурорын ерөнхий газар, цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хамтран энэ сарын 11-20-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэ дагуу Төв аймагт “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй нэгдсэн зөвлөгөөн болёон байна. Зөвлөгөөний үеэр Төв аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хуулийн хэлтсийнхэн ажлаа танилцуулж, цаашдын зорилтын талаар ярьжээ. Тус аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын хэлснээр аймаг болон сум дундын хоёр шүүх, захиргааны хэргийн шүүхүүдэд нийт 46 шүүгч, ажилтан ажилладаг байна.
Жилд дунджаар 200 орчим хэрэг шийдвэрлэдгийн ихэнх нь малын хулгай болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байдаг аж. Ажлын хэсгийнхэнд Төв аймгийн хууль хяналтын байгууллагынхан олон санал хүсэлт хэлсэн бөгөөд үүнд Шүүхийн тухай багц хуультай холбоотой санал нэлээд хувийг эзэлж байлаа.
Мөн малын хулгайтай тэмцэх болон энэ төрлийн хэрэг дээр хохирлыг тооцох тал дээр анхаарах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад учирч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх гэх мэт олон асуудлыг тойрон санал бодлоо солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ