
Галт зэвсэг тараасан, таван хүний амь нас хөнөөхөд хамтран оролцсон хэрэгт холбогдсон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарыг шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 14-ны өдрийг хүртэл хойшиллоо. Шүүх хуралд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Б.Энхтунгалаг, Д.Оросоо нар оролцов. Харин шүүгдэгч Д.Ганбаатарын өмгөөлөгч М.Өлзийсайхан эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.
2008 оны сонгуулийн дараахи эмх замбараагүй байдлын үеэр хүний амь хохирсон хэрэгт хошууч генерал Ч.Амарболдоос гадна нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Г.Батсүх нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн, 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр ял төлөвлөснийг ийнхүү анхан шатны шүүхээр хэлэлцэх байв.
Шүүх хурлын үеэр өнөөдөр Сүхбаатар дүүргийн гаднах талбайд цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн болох 50 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Цуглаанд оролцогчид “ 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр иргэдийн амь нас хохирсон хэрэгт цагдаагийн албан хаагчдыг буруутган олон жил шалгаж байгаа нь буруу. Хууль зөрчсөн шударга бус үйлдэл.”Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн зүйлчлэлээр ял сонсгох гэж байгаа нь үндэслэлгүй” гэсэн юм. Энэ үеэр хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарын ар гэрийнхэн өөрсдийнхөө үгийг олон нийтэд хүргэхийг хүслээ.
ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг

“Миний нөхөр хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Хэрэв монголд хууль үйлчилдэг бол шүүх шударгаар шийдэх байх. Нөхрөө шүүхийн танхимд оруулчихаад сууж байна. Мэдээж сэтгэл санаа их хэцүү байна. Миний нөхөр хурандаа болтлоо монголын хуулийн байгууллагад зүтгэсэн. Ямар их гавьяа байгуулсаныг монголын төр мэдэж байгаа. Ажлаа хийж явсан нөхрийг маань яагаад буруутгаж байгаа юм. Үнэхээр гомдолтой байна. Үймээн самуун дэгдээгүй байсан бол нөхөр маань ажлаа хийгээд л явж байх байсан.Үүрэг гүйцэтгэсэн, ажлаа хийснийхээ төлөө өнөөдөр ялуулах гэж байна. Шүүх хурал болтол бид хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаад хэл ам гаргаагүй. Цагдаагийн байгууллагын дарга нарыг улс төрийн зорилготой, зохион байгуулалттайгаар яллах гэж байна.
Бид Хүний эрхийн үндэсний комисс, Ёс зүйн дэд хороо, Ерөнхийлөгчид хандан энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн байгаа Цэргийн зүй ангиар шийтгэх гэж байгаа нь хууль бус гэдгийг ямар ч хуульч хэлж байгаа” гэсэн юм.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл

Улсын ерөнхий прокуророор Дорлигжав томилогдсоноос хойш хууль хяналтын байгууллагынхан 2008 оны сонгуулийн үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг заавал яллах гэсэн хууль бус үйлдэл хийж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг заавал яллах гэж байцаасаар 3-4 жил ажилгүй, сэтгэл санааны дарамтад оруулсан.
Үнэн хэрэг дээрээ энэ үймээний өдөөсөн, турхирсан, зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар байсаар байтал цагдаагийн удирдлагуудыг буруутгах гэж улайрч байна. Тэдний хэрэг өршөөлд хамрагдсан ч сэргээж шалгах хэрэгтэй гэсэн юм.
Хэдийгээр яллагдагч нарын ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлэн цугласан ч үймээнээр хохирсон иргэдийн ар гэрийнхэний төлөөлөл ч өөрсдийнхөө үгийг хэлсэн юм. 2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр түүний өмгөөлөгч О.Баасанхүү нар шүүх хуралд хүрэлцэн иржээ. Тэд “Олон жил шалгагдсан уг хэргийг анх удаа шүүх хурал болох гэж байгаа нь сайн байна. Гэхдээ бид шүүх хурал болох гэж байгааг мэдсэнгүй. Тиймээс бусад хохирогчид ч ирж амжаагүй байна” гэл ээ.
Хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү
Миний хувьд хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй учраас мэдээлэл өгөх боломж алга. Дөнгөж өнөөдөр хохирогч Ц.Энхбаярт эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллаа.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл

-Шүүх бүрэлдэхүүнд хоёр хүсэлтийг уламжиллаа. Нэгдүгээрт тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан. Тэднээс гэрчийн хувиар асуулт тавихыг хүсч байна шүүх хурлын үеэр. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр болох шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүслээ. Үнэхээр ард түмнээс нуух зүйл байхгүй шүү дээ. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Ч.Амарболд нарыг “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн зүйл заалтаар ял төлөвлөж байгаа нь буруу. Хуулийн шинжлэх ухааны талаас харсан ч байж болохгүй асуудал. Гэхдээ шүүх үнэн зөвийг ялгах байх.
Дашрамд дурдахад цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн сайд Ц.Нямдоржид хандан гомдол гаргасныг холбогдох хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн юм байна. Энэ талаарх мэдээллийг дор хүргэе.
Ш.Нарангэрэл, М.Алтанцэцэг нарын сайдад хандсан өргөдлийн хариуг өгчээ

Цагдаагийн удирдлагуудын гэр бүлийхэн болох Ш.Нарангэрэл, П.Болормаа, М.Алтанцэцэг нар 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хуульзүй, дотоод хэргийн сайдад хандаж өргөдөл гаргасан байна. Өргөдөлд Ч.Амарболд нарыг “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн зүйл заалтаар буруу яллаж байгааг хуулийн хүрээнд шударга шийдэж өгөхийг хүссэн байна. Уг хүсэлтийг сайд Ц.Нямдорж хүлээн авч холбогдох хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлжээ. Тэрбээр “ Нийслэлийн прокурорын тодорхой албан тушаалтан зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын удирдлага Дотоодын цэргийн командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан учраас түүний үйлдэл, эс үйлдэхүйг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилсэн” гэсэн тайлбар өгчээ. Гэтэл 2007 оны долдугаар сарын 1-ний өдөр Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа үймээнийг албадан тараах ажиллагаанд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг татан оролцуулаагүй ба, техник хэрэгслийг нь ашиглаагүй/ энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргаас ирүүлсэн танилцуулга бий/ Хуулийн заалт болон бодит байхад Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байгаа нь одоо мөрдөж байгаа эрүүгийн хуульд огт нийцэхгүй байна. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах шүүн шийтгэх эрх хэнд ч байхгүй тул зөвхөн хуулийн хүрээнд зөв шийдэхийг хүсье гэж Ерөнхий прокурор нийслэлийн Прокурорын газрын дарга Мөрдөн байцаах албаны дарга нарт саналаа сайд Ц.Нямдорж хүргүүлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ