
Хоёр шатны шүүхээс эх орноосоо урваж гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулахыг завдсан гэх үндэслэлээр таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн Н.Дийдэнцэцэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны хоёр иргэнтэй хамтран тус улсын нутаг дэвсгэрт 2001 оноос хойш бизнес эрхэлдэг байсан аж.
Н.Дийдэнцэцэгт ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсээс Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахуйц, төрийн нууцад хамаарах баримт мэдээллийг гадаадын тагнуулын албанд шилжүүлэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэн гэм буруутайд тооцон таван жилийн хорих ял оноосон.
Уг хэргийг давж заалдах шатны шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.
Уг нь хуульд зааснаар төрийн нууцад хамаарах мэдээ материалыг гадаадын тусгай албанд дамжуулсан нь тогтоогдсон бол 16-25 жилийн хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Гэвч Н.Дийдэнцэцэгийг гэмт хэрэг үйлдэхийг завдсан үед нь тагнуулынхан саатуулсан учраас таван жилийн хорих ялаар шийтгэх үндэслэл болжээ.
Өнгөрөгч 2010 оноос хойш эх орноосоо урвасан хэрэгт хоёр ч хүн шалгуулсны нэг нь гадаадын тагнуулын байгууллагад элсч хоёр жилийн турш төрийн нууцтай холбоотой баримт материал дамжуулсан гэм буруу нь шүүхээр тогтоогдсон УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх асан Ц.Жаргалсайхан юм.
Түүнд хоёр шатны шүүхээс 17 жилийн хорих ял оноосон ч Дээд шүүх түүний хэргийг хянан хэлэлцэж хорих ялыг нь таван жил болгож хөнгөрүүлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ