
Цагдаагийн томоохон албан тушаалтнууд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шүүлгэх гэж буй.
Уг хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарын шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ч хойшилсон билээ.
Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэж хүний амь хохироосон цагдаагийн албан хаагчийг гэрчлэх ноцтой баримт хавтаст байхгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.
Энэ талаар тодорхой мэдээллийг тун удахгүй олон нийтэд эх сурвалж дэлгэх бололтой. Юутай ч цагдаагийн албан хаагчид галт зэвсгээр хүний амь хөнөөснийг тогтоох зарим баримтууд алга болсон нь хэргийг үнэн зөвөөр шийтгэхийг хүлээсэн олон хүний сэтгэлийг гонсойлгох нь.
Нийгэмд хүлээлт үүсгээд байгаад уг хэргийг шүүхэд хуралдаанд Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ш.Батсүхийн өмгөөлөгч Б.Энхтунгалаг, үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр түүний өмгөөлөгч О.Баасанхүү, улсын яллагч С.Хишигжаргал, О.Зоригтын өмгөөлөгч Х.Өлзийсайхан нар оролцоно. Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлийн хүсэлтээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар ч шүүх хуралд гэрчээр дуудагдаж оролцох юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ