
Төрийн холбооны газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Кибер аюулгүй байдлын газар нэртэй боллоо. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээний нэгжийг Төрийн тусгай хамгаалалтын газарт, 26-тай суурин холбооны үйлчилгээг “Монголын цахилгаан холбоо” ХК-д тус тус шилжүүлж, 92-той утасгүй суурин үйлчилгээг хэрэглээнээс хасахаар болж ээлж дараагаар хийгдэж эхэллээ.
ТЕГ нь Кибер аюулгүй байдлын газар байгуулах бэлтгэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийсэн бөгөөд кибер аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 312 дугаар тогтоолыг 2011 онд гаргасан юм.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6 дахь заалтаар тагнуулын байгууллага нь “төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах” үүрэгтэй бөгөөд шинээр байгуулагдаж буй Кибер аюулгүй байдлын газар нь дараах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
Үүнд: Төрийн байгууллагууд, онц чухал дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх үндэсний систем байгуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион байгуулж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах, Төрийн болон онц чухал дэд бүтэц бүхий байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ тогтмол хийх, үнэлгээ зөвлөмж өгөх, Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулж, төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг уг сүлжээгээр дамжуулах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ