Тамхины хяналтын тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Манай улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д нэгдэн орсноор тамхины хяналтын арга хэмжээг Монгол Улс үндэснийхээ хэмжээнд төдийгүй бусад улс үндэстэн, олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргах нөхцөл бүрджээ. Монгол Улсын Засгийн газраас “Тамхины хяналтын суурь конвенци”-ийн ерөнхий зарчим, арга хэмжээг дотоодынхоо нөхцөл, байдалтай уялдуулан Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 2005 онд УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь нэг талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт дутагдаж, хяналтын механизм тодорхойгүй байгаатай холбоотой хэдий ч нөгөө талаар тамхины үйлдвэрлэл, импортлолт эрхэлдэг компанийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх явцад сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой байгаа аж.
Хамгийн гол нь хуулийг амьдралд нийцүүлэн оновчтой, тодорхой гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах нь чухал гэдгийг гишүүд онцолж байсан юм.
Өмнөх хуулиар тамхи татахыг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох талаар зохицуулсан нь тэр бүр хэрэгжихгүй байгаагаас олон хүн сургууль, ажлын байр, олон нийтийн газарт тамхины утаанд өртөж байгаа ажээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд олон нийтийг тамхины утаанд өртөж хордохоос хамгаалах үүднээс тамхи татахыг хориглох газрын тоог нэмэгдүүлж, тамхины хяналтын талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох чиглэлээр хуулийн “Утаат тамхи татахыг хориглох газар” гэсэн зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтад өртөж тамхи хэрэглэгчийн нэгэн адил халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл нь буурах, тамхины зар сурталчилгаанд хүүхэд өсвөр үеийнхэн өртөх нь багасч тамхины хэрэглээ буурах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ