
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Бямбасүрэн өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөн дээр хүнсний аюулгүй байдал, хүнсний чанартай холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрээр “Манайхаас хийсэн шалгалтаар хүнсний үйлдвэрүүдийн ихэнхи нь дэргэдээ хүнсний лаборторигүй байна. Энэ нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хянаж шалгаж чадахгүй байна гэсэн үг. Түүнчлэн захын хорооллын дэлгүүрүүд зориулалтын бус лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн худалдах нь нийтлэг үзэгдэл болсон байна.
Шалгалтын үеэр анхаарал татаж буй нэг асуудалд “Үдийн цай” хөтөлбөр орж байна.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын тоо нэмэгдсэн ч ахуйн хэрэгцээ дутмаг байдгаас гэдэсний халдварт өвчин А гепатит нэмэгдэж байна гэв. Нийслэлд хөрсний бохирдол их байдаг тул ил задгай хүнсний худалдаа аюул дагуулах эрсдэлтэй. Иймд дүүргийн удирдлагууд урин дулааны улиралд ихэсдэг сүүдрэвчтэй худалдаа, ил задгай худалдааг цэгцлэх шаардлагатай” гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ