Зочид буудлын эздэд монгол эмэгтэйчүүдийг худалдсан эрэгтэй шүүх бүрэлдэхүүнээсээ татгалзлаа
БНХАУ-ын Бээжин, Макао, Гуанжоу зэрэг хотын зочид буудлын эздэд монгол эмэгтэйчүүдээ худалдсан хэрэгт холбогдсон Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох 09.30 цагт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Учир нь уг хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Батдэлгэр нар өнөөдрийн хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргах болсон үндэслэлээ тэдэнд холбогдох хэргийг өнгөрөгч онд Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр ч удаа хэлэлцэн ял оноож байсан гэж тайлбарлажээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүнийг сольж өгнө үү гэсэн хүсэлтийг уламжилсан байна.
Өнгөрөгч онд Г.Батдэлгэр нарт хоёр шатны шүүхээс ял оноосон ч хяналтын шатнаас ял нь хөнгөгдсөн гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан байна. Яллагдагчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд ерөнхий шүүгч шүүх хүсэлтийг хангах боломжтой эсэхийг шийдэх аж.
Үүний дараа шүүх хурлын тов гарах юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ