Архи хэтрүүлэн хэрэглэснээс бусдын амь насанд хүрч болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна

img

Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэд бусадтай бүлэглэн нэгнийгээ зодох, хутгалах зэргээр танхайрч бусдын эрүүл мэнд амь насанд ч хүрч болзошгүйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 6-ны 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 53 дугаар орцонд зүс таних хүнд хутгалууллаа гэсэн дуудлага дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Холбогдох мэдээллийн дагуу хэргийг шалгахад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Т-г зүс таних Зулаа гэгч согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр далны орчимд нь хутгалж танхайрсныг тогтоосон байна. Түүнчлэн тус дүүргийн 11 дүгээр хороонд оршдог Хүрээ-Тулга дунд сургууль дээр зодоон болж байна гэсэн мэдээллийг энэ сарын 6-ны 17.00 цагийн орчим ирүүлснийг шалгахад уг сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М-ийг аравдугаар ангийн сурагч 17 настай эрэгтэй А гэгч өдөөн хоргоож, бусадтай бүлэглэн зодож танхайрсныг тогтоон, таслан зогсоожээ. Дээрх хэргүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ