Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр у

лсын хэмжээнд 2011 оны есөн сарын байдлаар 14530 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн байдалтай харьцуулахад 19 хэргээр буюу 0.1 хувиар өссөн гэх үзүүлэлт байна.
Нийт гэмт хэргийн 56.5 хувь нь нийслэлд, 42.6 хувь нь аймаг орон нутагт, 0.6 хувь нь төмөр замд үйлдэгдсэн аж.
Гэмт хэргийн гаралтын хувьд Орхон, Говь-Сүмбэр, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Баянхонгор, Архангай зэрэг аймаг 0.3-22.4 хувиар, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур, Налайх, Багахангай дүүрэг 1.3-30 хувиар, төмөр замын салбарт 10.3 хувиар тус тус буурчээ.
Харин Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар зэрэг 10 аймагт 1.6-32.6 хувиар, нийслэлд 5.8 хувиар, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт 4.1-7.7 хувиар тус тус өссөн байна.
Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40.4 хувийг хөнгөн гэмт хэрэг, 47.3 хувийг хүндэвтэр, 9.5 хувийг хүнд, 2.8 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Өмнөх оны байдалтай харьцуулахад онц хүнд гэмт хэрэг 43.1 хувиар өссөн бол хөнгөн гэмт хэрэг 0.2 хувиар, хүнд ангиллын гэмт хэрэг 6.8 хувиар буурчээ.
Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд улсын хэмжээнд 56.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувиар ахисан үзүүлэлт юм байна. Үүн дотроо хөнгөн гэмт хэрэг 55 хувь, хүндэвтэр 54 хувь, хүнд гэмт хэрэг 69 хувь, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 87.8 хувьтай байгаа аж.
Энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах 1.4 хувь, бусдыг амиа хорлоход хүргэсэн 4.6 хувь, бусдын бие махбодод гэмтэл учруулсан 29.7 хувь, хүчиндсэн 2.1 хувь, хулгайлах 26.6 хувь, танхайрах 9.8 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.2 хувийг эзэлж байна.
Өмнөх онтой харьцуулахад бусдыг санамсар болгоомжгүйгээр алах гэмт хэрэг 45.5 хувиар, хууль бусаар ашигт малтмал хайх болон олборлох гэмт хэрэг 33.3 хувь, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 32.5 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 26.4 хувь, хүчиндэх гэмт хэрэг 23.6 хувь, танхайрах 19.1 хувиар тус тус өсчээ.
Түүнчлэн энэ онд хүн худалдаалахтай холбоотой зургаан гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс таван хэргээр, биеэ үнэлэх, бусдыг садар самуунд татан оролцуулах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь өнгөрсөнтэй харьцуулахад зургаан хэргээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дээрх хугацаанд гэмт хэргийн халдлагад 13829 хүн өртөж, 899 хүн нас барж, 5907 хүн гэмтэж, төр, аж ахуй нэгж, иргэнд 19.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нас барсан хүний тоо 9.5 хувиар буурсан бол гэмтсэн хүний тоо 14.1 хувиар өсчээ.
Статистик үзүүлэлтээс харахад хоногт гэмт хэргийн улмаас гурван хүн нас барж, 22 хүн гэмтсэн байна.
Түүнчлэн албаныхны мэдээлж буйгаар хүнийг санаатай алах, хүчиндэх, дээрэмдэх, танхайрах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих гэмт хэрэг цаашдаа өсөх хандлагатай байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ