
Хилийн тагнуулын гүйцэтгэх ажлын шугамаар Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газрын орчим Дундговь аймгийн иргэн Ө,Ц нар арслан зааны соёог БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр худалдах гэж байгааг олж тогтоожээ. Уг мэдээллийн дагуу Хилийн тагнуулын газраас тусгай арга хэмжээ зохион байгуулж, дээрх эд зүйлийг улсын хилээр гаргах гэж байхад нь хураан авчээ.
Хураагдсан эд зүйлийг үнэхээр арслан зааны соёо мөн эсэхийг тодруулж, Улаанбаатар хотод тээвэрлэн авчрахаар Хилийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Н.Адъяа, мөн газрын ажилтан ахлах дэслэгч С.Наранбаярын хамт Гашуун сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтод очсон байна.
Энэхүү соёлын үнэт зүйлийг мэргэжлийн хүнээр таниулах үүднээс Ханбогд сумаас Шинжлэх ухааны академийн паленталогийн төвийн дүн шинжилгээний ажилтан Б.Майнбаяраар шалгуулахад хураагдсан эд зүйлд анхан шатны үзлэг хийж арслан зааны соёоны эх бие мөн гэсэн дүгнэлтийг тавьжээ.
Тиймээс уг соёог Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, өнгөрсөн сарын 21-ний өдөр ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамтаар Шинжлэх ухааны академийн паленталогийн төвд хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар соёлын үнэт өвийг улсын хилээр хууль бусаар худалдаалах гэж байсан уг этгээдүүдийг Хилийн тагнуулынхан шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ