Д.Дэмбэрэл: Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бид үндсэнд нь шийдвэрлэлээ

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна-
Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Улсын Их Хурлын 2012 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бид үндсэнд нь шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган юуны өмнө Монгол Улсын 2012 оны улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр: төсвийн байгууллагуудын цалин, өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хугацааг наашлуулж, 1995 оноос өмнө үеийн цалингийн түвшингээр тэтгэвэр нь тогтоогдсон ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тэгшитгэх асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлттэй уялдан төсөв зарцуулах эрх шилжихтэй холбогдсон асуудалд зохицуулалт хийлээ. Цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийн нэмэгдлийг эхний ээлжинд хоёрдугаар сарын нэгнээс эхлэн тооцож олгохоор боллоо. Энэ оны тавдугаар сарын 1-нд цалин, тэтгэврийг дахиж нэмэгдүүлэх болно. Энэ бүхний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 2008 оныхоос 2 гаруй дахин нэмэгдэж, ахмадуудын санал болгож байдаг тэтгэврийн зөрүү арилж байгаа юм. Энэ явцад тэтгэврийн доод хэмжээ илүүтэй өсч, нийт дүндээ тэтгэврийн дундаж хэмжээ 2008 оныхоос мөн 2 гаран дахин нэмэгдэнэ. Нийгмийн асуудлаар үе шаттай авч буй энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг нэмж тусгалаа. Нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байсныг хуульд нэгбүрчлэн суулгаж өглөө. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд төгрөг; нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.0 тэрбум төгрөг болж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулганаар шийдвэрлэсэн нэг асуудал бол шүүхийн тухай, шүүгчийн болон хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд юм. Эдгээр багц хуулиуд нь шүүх эрх мэдлийн амин чухал асуудлуудтай холбогдож байна. Цаашдаа шүүхийн үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байдал нэвтрэх болно. Шүүхийн захиргаа болон шүүхийн төсвийн бие даасан байдал хангагдана. Бүхэлдээ шүүгчдийн ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын иргэн хэн боловч хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн иргэний эрхийг хангах нөхцөл урьд урьдынхаас өргөн хүрээнд бүрдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хэрэгжилтийн хугацааг нааш татах талаар тавьсан хоригийг хэлэлцэж уг хоригийг хүлээн авлаа. Ингэснээр сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль 2012 оны тавдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Улсын Их Хурлын ээлжит бус энэ чуулганаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ удаа үүнийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бэлтгэл хангагдаагүй байх тул УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг хойшлуулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ