
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Япон улсад хийх айлчлал өчигдөр эхэлсэн.
Энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг айлчлалыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр 60 гаруй хүн нэгдэн жагсаж байна. Шар өнгийн хувцас маскаар ижиллсэн эдгээр хүмүүс Ерөнхий сайдыг тус улсад айлчлах үеэрээ цөмийн хаягдлыг Монголд булшлах, цөмийн цахилгаан станцыг Монголд барьж байгуулах асуудал хэлэлцэнэ хэмээн эсэргүүцэж байгаа гэв.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр “Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрт эдгээр асуудал байхгүй бөгөөд 11-15-ны өдөр үргэлжлэх хугацаанд Ерөнхий сайд Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай хэлэлцээ хийж, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхана гэсэн юм.
Мөн тус улсын Гадаад хэргийн сайд К.Гэнба болон Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Токио хотноо зохиогдох Монгол, Японы бизнес семинарт оролцож үг хэлнэ.
Ерөнхий сайд С.Батболд Улсын төр, засгийн удирдлагатай Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага, мөн манай эрдэс баялаг, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, монголын уул уурхай, түүнийг тойрсон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.
Ерөнхий сайд С.Батболд Токиод байх хугацаандаа Япон улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийх айлчлал нь Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байна.
Ерөнхий сайд нарын хэлэлцээний дүнгээр хоёр тал Хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргана” хэмээн мэдээлсэн юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ