
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийж цалин, тэтгэврээ нэмүүлэхээр хоног тоолон хүлээж байсан иргэдийн хувьд өнгөрөгч долоо хоног муугүй байлаа. Харамсалтай нь махны үнэ 8000-д хүрч, талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэж өргөн хэрэглээний барааны үнэ өссөр байгаа нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг талаар нэг тарааж орхив. Хэдийгээр шатахууны ханш 50 төгрөгөөр буусан ч нэгэнт хурдаа авсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хазаарлагдахаа өнгөрчээ. Засгийн газраас хэлсэн амандаа хүрч цалин тэтгэврийг нэмлээ, үнийн өсөлтийг барих ажлыг хийж байна гэж байна. Өөрөөр хэлбэл, нэг замын урсгалыг хаачихаад нөгөө замыг нь хөдөлгөөд байхаар төгсгөлд нь замын хөдөлгөөн мөргөлдөж түгжрэл үүсдэгтэй ижил болчихоод байна.
Тэгэхээр хоёр урсгал хоёуланд нь ташуур өгөх хэрэгтэй болжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан нөгөө урсгалыг нь ташуурдаж ижил хурдтай хэмжээнд барих ёстой ч өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадахгүй толгойгоо алдчихаад сууж байна. Ченжүүдийн дохиогоор инфляци хүчээ авдаг байсан бол сүүлийн хэдэн сар хятадуудын хүслээр нь явдаг болж байна. Өнгөрсөн намаржин мах нөөцөлсөн хятадууд одоо махны ченжүүдэд амандаа багтахгүй шахам үнэ хэлж хотынхны халаасыг тэмтэрч сууна. Нөөцийг мах бэлтгэхээр тендер аваад байсан аж ахуйн нэгжүүд үнэд орж махныхаа ханшийг нэмэх гэж гэдийнэ. Болж өгвөл хятадуудын өгч байгаа ханшаар нийлүүлчих санаатай байгаа бололтой.
Амьдрал ийм байхад Төрийн ордонд Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх Эдийн засгийн чуулган хоёр өдөр болж өнгөрлөө. Хувийн хэвшлийнхэн төрийн бодлогод дунд үнэлгэ өгч, мэргэжлийн байгууллагынхан өөрсдийгөө өмөөрсөн, гадаадынхан хатуу шүүмжлэл өрнүүлсэн юм. Харин чуулган өндөрлөхөд Монголын эдийн засаг хамгийн эгзэгтэй үе дээрээ байгаа. Үсрэхгүй хөгжлийн гараан дээр байгаа хэдий ч хямрал маш ойрхон байгаа гэдгийг мэдрүүллээ.
Долоо хоногийн эхний өдөртэй зэргцэн УИХ-ын ээлжит бус чуулган ажлаа эхэллээ. Таван асуудлыг дөрөвхөн хоногт багтаан хэлэлцэж шийдэхээр төлөвлөсөн гишүүд ажлаа дутуу хурлаа өндөрлүүллэ э. Шүүхийн эрх зүйнб айдлын болон шүүхийн багц хууль, төсвийн тодотгол, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэж бүгдийг нааштайгаар шийдсэн. Харин орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадсангүй. Аргагүй сонгууль дөхсөн нь мэдрэгдэж УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж чадсангүй. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6,5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464 тэрбум төгрөг болов. Төсвийн тодотголоос хойш улсын төсөв хагас их наяд төгрөгийн цоорхойтой болжээ.
Шүүхийн шинэчлэлийн багц хуульд гишүүд тийм ч их цаг гаргасангүй. харин АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн. Улстөрийн хөөрөлдөө хэт автсан гишүүд өмнөх хойдохоо сөхөн сайхан муухайгаа дуудалцаж өдрийг авснаар орон нутгийн сонгуулийн хуулиа төлөвлөсөн хугацаандаа баталж чадсангүй. Хаврын чуулганаар хэлэлцэхээр үлдээсэн энэ хууль эцэслэн шийдэх эсэх нь тодорхойгүй үлдэж байна.
Зөвшилцөх ажлын хэсгийнхэн санал нэгдэж чадахгүй, улстөрийн намууд яавал өөрт ашигтай эргүүлэх вэ гэхээс өөр бодолгүй байна. Ард түмний санал асуулгаар шийдэх гарц олж харсан ч бас л гацаанд орсон. Ээлжит бус чуулган улстөрийн халалтад автаж байхад хаврын чуулганаар сонгуулийн хууль хэлэлцэх юу л бол. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт явуулах тухай санал тэгсгээд намжиж намар сонгуульддагаараа сонгуульдах болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ