...Дэлхийн зөн хүүхэд бүрийн мөрөөдөл...

img

...Дэлхийн Зөн хүүхэд бүрийн мөрөөдөл… хэмээх зөнгийн бяцхан авьяастнуудын цээлхэн хоолой эгшиглэхтэй зэрэгцээд Дархан-Уул аймгийн Залуучууд театр хөшгөө нээлээ. Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага аж үйлдвэрийн гал голомт гэгддэг Дархан хотод нутгийн хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд 10 жил болж буйтай холбоотойгоор баяраа тэмдэглэж байгаа нь энэ. Энэ хугацаанд хүүхдийн боловсрол, хоол тэжээл, дархлаажуулалт, эрхийн хамгаалал, амар тайван байдал, өрхийн санхүүгийн эрсдлийг даван туулах зэрэг зорилгот хөтөлбөрүүдийг Дархан хотод хэрэгжүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Тухайлбал, хүн амыг эрүүл мэнд, амар тайван амьдруулах үүднээс “Эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлсэн нь залуучуудадыг эрүүл ахуйн зөв дадал хэвшилд ойлголтыг төрүүлэхэд эхнээсээ үр дүнгээ өгсөн аж. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн Зөн олон улсын байгууллага өнгөрсөн баасан гаригт Дархан хотод 10 жилийнхээ ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Дархан хотыг бид залуучуудын хот хэмээн нэрийддэг. Тиймдээ ч залуусыг өсвөр наснаас амьдралын зөв дадлыг хэвшүүлж, өөрсдөө бие даан хөгжих чадамжтай болгох нь нэн тэргүүнд тавигдах асуудал. Мөн нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуй, яаралтай тусламж, нөхөн сэргээлт, нутгийн удирдлагын хөгжил, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, хүүхдийн эрх хамгаалах ба өрхийн орлого нэмэгдүүлэх зэрэг нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын гол зорилго юм. Дархан хотын хувьд Нийслэлийн дараа орох хүн ам нь төвлөрсөн томоохон хот. Нийтдээ 120 гаруй мянган хүн амьдарч буйгаас 65 хувь хүүхэд байдаг аж. Нөгөөтэйгүүр аймгийн хэмжээнд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт Нийслэлийн дараа ордог байна. Өсвөр насныхантай холбоотой гэмт хэргийн гаралт ч мөн адил. Тиймээс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжил хамгаалал” төслийг хэрэгжүүлж хүүхдийн сайн сайхан байдлын салшгүй нэг хэсэг болсон тэднийг хөгжүүлэх, хамгаалах эрхийг нь дэмжсэн олон талт ажлуудыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучууд хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхдийн төлөө хэлтэс, Пасторуудын холбоо болон бусад сургууль, цэцэргүүдтэй хамтран олон ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал, гэр хорооллын орчинд хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор хүүхдүүд болон өндөр настнуудын тоглох, салхилах таатай орчин бүхий тоглоомын талбай байгуулжээ. Мөн “Шинэ амьдралын эхлэл” ТББ-аар дамжуулан архины хамааралтай залуучуудыг гурван сарын турш сургалтад хамруулсан нь тэднийг амьдралаа дахин шинээр эхлэхэд нь нэлээдгүй түлхэц болсон байна. Өрхийн амьжиргаа төсөл үр дүнгээ өгсөөр байна Ерөнхийдөө Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага Дархан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Өрхийн амьжиргаа төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өдгөө уг төслийг нийт 300 гаруй иргэн болон нөхөрлөл хоршоолол ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, 150-200 өрх тогтмол хүнсний ногоо тариалж, 50 гаруй өрх талх, нарийн боовны цех, оёдол хийх, цаашлаад ноосон урлал, ногоо даршлах цехийг ажиллуулж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг дунд үйлдвэрлэлд багагүй хувь нэмрээ оруулжээ. Мөн Монгол Улсын Ерөнийлөгчийн гаргасан зарлигтай холбогдуулан бизнесийн болон хуримтлалын 45 бүлэг тогтмол үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Түүнчлэн Хүнсний ногоо, жимсний бут мод тариалах сургалтад жил бүр 150-200 хүнийг хамруулан ногоо тариалах мэдлэгийг эзэмшүүлдэг аж. Ингэснээрээ төсөлд хамрагдсан иргэд өөрсдийн сурсан зүйлээ ашиглан ногоо тариалж улмаар үзэсгэлэн худалдаануудад идэвхитэй оролцон өрхий орлогоо нэмэгдүүлэх боломжтой болдог байна. Мөн орон нутгийн иргэдийн ногоо тарих аргачлалыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн хоёрдугаар багт агропаркийг байгуулан Дархан сумын Хүнс хөдөө аж ахуйн Жижиг дунд үйлдвэрлэлийн газарт хүлээлгэн өгчээ. Нөгөөтэйгүүр Кама сервис олон улсын байгууллагын “Баялгийн хөгжил хөтөлбөр”-ийн санаачилгаар орон нутагт “Санхүүгийн эрх чөлөө” гурван сарын хичээллүүлэн нийт 180 оролцогчийг төгсгөн Бизнес инкубатор болон бүлгийг дэмжих байгууллагууд руу зуучлан ажиллуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд чадваржсан мэргэжилтнүүдийн бизнесийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна. Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжил хамгаалал төслийн хэрэгжүүлсэн нь хүүхдийг багаасаа амьдралын зөв дадалд хэвшүүлж байгаад Дарханчууд ам сайтай байлаа. Учир нь төслийн хүрээнд сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Залуучууд театрын дэргэдэх Ирээдүй чуулга, Талбайн теннесний холбоо, уран нугаралтын Угалз төв, Монголын шатрын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар, Бүжгийн спортын Хэмнэл-Айзам холбоо зэрэг урлаг спортын 11 төрлийн дугуйланд нийт 1800 хүүхдийг хамруулан хөгжүүлж  иржээ. Ингэснээрээ хүүхдүүдийн авьяасыг багаас нээн илрүүлэх цаашлаад улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж буй нь ирээдүйд нь оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд хүн амын эрүүл мэндтэй холбоотой өвчлөл эрс ихэсч байгаа билээ. Дархан-Уул аймгийн хувьд Нийслэлийн дараа бичигдэх томоохон хот учир тэр хэмжээгээрээ өвчлөл ихтэй байдаг гэсэн үг. Тэгвэл Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Дархан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллага, хүн амын идэвхитэй оролцоонд тулгуурлан тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургах болон анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, сүрьеэ өвчний эмчигээний үр дүнг нь нэмэгдүүлэх зорилгоор жил бүр тодорхой хугацаанд сүрьеэгийн хооллолтын төслийг Дархан хотод хэрэгжүүлдэг юм байна. Түүнчлэн бага насны хүүхдийн тураал, сульдаа, цус багадалт зэрэг өвчлөлийг бууруулахад чиглэгдсэн зуны чийрэгжүүлэлтийг 2003-2009 болон 2011 онуудад найман багийн хэмжээнд зохион байгуулжээ. Мөн аймгийн эмч нарыг хүүхдийн өвчний цогц менежмент сургалтад хамруулснаар эмч эмнэлгийн ажилтнууд болон бага насны хүүхэдтэй эхчүүдийн хүүхэд асаргаа, эмчилгээ, оношилгооны мэдлэг чадвар нь сайжирчээ. Энэ мэтчилэн Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын төслүүд хөдөө орон нутагт тэр дундаа Дархан хотод цаасан дээр бус амьдрал дээр хэрэгжиж буй нь цөөхөн жишээг дурдахад ийм байна. Ямартай ч ямар нэгэн ашгийн төлөө бус харин хүн амын тэр дундаа хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагад Дарханчууд ам сайтай байдаг нь тэдэнтэй хамт байсан хэсэг хуганцаанд илт мэдрэгдэж байлаа. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ