
Эмч, сувилагч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн айлын өсвөр насны охин хоёр нүдгүй болох дөхсөн харамсалтай мэдээллийн мөрөөр манай сайт сурвалжилсан юм. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв буюу хуучнаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч сувилагч нар эмийн эмчилгээ хийлгэхээр хэвтэн эмчлүүлж байсан 14 настай Б охиныг нүдний мэс засалд орох ёстой өвчтөнтэй андуурч, мэс заслын орон дээр хүлээд зогсохгүй, нүдэнд нь мэс хүргэхээр ханцуй шамласан хэрэг гарчээ. Манай сурвалжлах хэсэг энэ мэдээллийн мөрөөр өнгөрөгч баасан гарагийн үдийн 10.50 цагийн үед Б охиныг эмчлэгч эмч н.Цэвээлсүрэнтэй уулзахаар тус төвийн нүдний тасагт очтол, хэсэг эмч нар “Та нар юун хүмүүс вэ. Тасгийн эрхлэгчтэй уулз. Бид нар мэдээлэл өгөх эрхгүй” гэж хэлээд хаалгаа тас хаасан юм. Тиймээс тус тасгийг тэргүүлдэг М.Алтанхүү докторын өрөөг тогшлоо. Үүдэндээ анагаах ухааны доктор, профессор тэргүүлэх зэргийн эмч гэсэн хаягтай хаалгаар ортол монгол дээлээр гоёж үсээ шуусан 50 гаруй насны эмэгтэй их л уриалгахан тосч авав. Өрөөндөө бяцхан ширээ засч гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан түүний хэлж буйгаар өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авчихаад сууж байгаа нь тэр юм байна.

Тэрбээр “ Би Монголын анагаах ухааны салбарт 37 жил зүтгэсэн эмэгтэй. Миний хөдөлмөрийг үнэлж төр тасгаас гавьяат эмч цол тэмдгээр шагнасан. Яг энэ цаг мөчид миний удирдлага дор ажилладаг эмч сувилагч нартай холбоотой таагүй мэдээлэл сонсч байгаадаа харамсч байна. Учир байдлыг тодруулъя. Чухам юу болсныг сайн мэдэхгүй байна” гээд биднийг дагуулан эмч нарын өрөө рүү очсон юм. Гэтэл түрүүхэн хаалга үүдээ тас хааж зандарсан нөгөөх эмч нар энэ удаа биднийг өөрөөр угтсан. Тэд тасгийн эрхлэгчдээ юу болсон талаар нэгд нэгэнгүй тайлбарлаж эхлэсэн юм. Энэ үеэр Б охины эмээ болох Баянзүрх дүүргийн харьяат Н-ээс юу болсон тухай мэдээллийг авлаа.
- Яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Зээ охин тань хэзээ эмнэлэгт хэвтсэн юм бэ?
-Миний зээ охин энэ сарын 6-ны өдөр нүдээ эмчлүүлэхээр энэ тасагт хэвтсэн юм. Хараа муутай болохоор эмч нь хэд хоног эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэж хэлээд хэвтүүлсэн л дээ. Гэтэл маргааш нь охин над руу залгаад “Эмээ намайг маргааш нүдний мэс засалд ор гэсэн. Хагалгаанд бэлдээрэй гэж хэллээ” гэхээр нь би гайхаад бас сандарч бөөн юм болдог юм байгаа биз дээ. Тэгээд шууд л эмнэлэг дээр гүйгээд ирсэн. Охиныг маань эмчилж байсан эмчтэй уулзах гэтэл байсангүй. Эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан болохоор тэр биз. Тэгэхээр нь охиныг маань хагалгаанд оруулахаар бэлтгэж байгаа сувилагчаас “ Миний зээ охин ямар оноштой хагалгаанд орох болчихов. Өвчтөний түүхийг нь хараад өгөөч. Хагалгаанд орохгүй хүүхэд шүү дээ” гэж хэлтэл нөгөөх сувилагч "Охиноо маргааш мэс засалд оруулахад бэлдээрэй ” гэж хэлээд ширэв татаад яваад өгсөн.
-
Уг нь нэг хоногийн өмнө мэдсэн юм байна шүү дээ. Зогсоох арга байсангүй юу?
-Эмээ нь тэр сувилагчаас олон удаа гуйсан. Миний охиныг нүдний мэс засалд орох гээд байгаа оношийг нь хараад өгөөч гэж. Гэтэл халгаагаагүй. Би сүүлдээ итгэж эхэлсэн л дээ. Тэр өдөртөө гэртээ хариад төрөл садандаа хэлээд маргааш хагалгаанд орохоос нь өмнө очихоор шийдсэн. Шөнө нь нойр хулжаад сэтгэл тавгүй хоносон болохоор өглөө эмнэлэг дээр гүйгээд ирлээ. Тэгсэн яасан гэж санана аа. Охиныг минь мэс заслын орон дээр хүлчихсэн. Хоёр нүднийнх нь дээр шар тууз наагаад гарт нь пайз шиг юм зүүчихсэн хагалгааны өрөө рүү түрээд орчихдог юм.Дотор харанхуйлаад нүд бүрэлзээд явчихсан. Эмээ нь шууд охины эмчлэгч эмч Цэвээнсүрэнгийн өрөө рүү гүйж очтол ашгүй ажлынхаа өрөөнд сууж байдаг юм. Тэгээд л нөгөө эмчээс асуутал өвчтөний түүхийг нь харснаа ” Танай зээ охин мэс засалд орохгүй юм байна. Андуурсан байна. Буцаад түрээд аваад ир гээд сувилагчид нь хэлчих ” гээд л хэнэг ч үгүй хэлж байгаа юм. Би ч сандарч очоод охиноо хагалгааны авсан. Ёстой хариуцлагагүй. Хэлэх үг олдоогүй. Гомдолтой байна. Охин уйлаад их айсан. Аргагүй шүү дээ. Айхаас яах билээ. Нэр андуурсан юм шиг байгаа юм. Гэхдээ гомдмоор. Би 24 цагийн өмнө зээ охиноо хагалгаанд орох гэж байгааг мэдсэн шүү дээ. Гэтэл өвчтөний ар гэрийнхний үгийг тоодоггүй юм билээ”. гэж ярьсан юм.
Охины эмээтэй хэсэгхэн хугацаанд ярилцах үеэр эмч нар болсон явдалд тухайн өдрийн ээлжийн сувилагчийг буруутгалаа. Тэдний ярихаар алдаа гаргасан нэр нь тодорхойгүй сувилагч бол шинэ ажилтан байж таарлаа. Түүгээр ч зогсохгүй биднийг эрхэнд нь халдаж зураг авлаа хэмээн ихэд дургүйцэв. Охиныг эмчлэгч эмч н.Цэвээлсүрэнтэй уулзах гэтэл” Бид нар дотроо учраа ольё. Ярилцаж байна” гэж хэлээд Н эмээг өрөөндөө дагуулаад орчихов. Хэсэг хугацааны дараа байдал бүр бишдэж хохирогч болох дөхсөн эмээ үгнээсээ буцаж эхлэсэн юм.
Н эмээ “Уг нь эмээ нь гомдолтой байна. Гэхдээ тасгийн эрхлэгч нь гавьяат цол тэмдэг авчихсан ийм сайхан дурсамжтай үед нь би буруу юм ярьсан байна. Даргад нь утасдаад эмээ нь будилж гээд хэлье” хэмээн шалж гарав. М.Алтанхүү эмч ч “ Наад хүн чинь больё гээд байхад та нар мэдээлэхгүй байвал болох юм биш үү” хэмээн бүр ажлыг минь заалаа. Тэд алдаа гаргасан эмч сувилагч нараараа яриа өгүүлэхгүй гэж тас гүрийсэн болохоор бид арга буюу тэндээс гарч явсан юм. Тэр эмээгийн хэлж ярихыг эмч нар аль эрт заагаад өгчихсөн бололтой. Эмээ ч охинтойгоо уулзуулах байсан ч үгнээсээ буцлаа. Эмч сувилагч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн айл өрхийн өсвөр насны охин хоёр нүдгүй болох дөхсөн энэхүү эмгэнэлт мэдээллийн мөрөөр тус төвийн нүдний тасгийн хариуцлага алдсан эмч сувилагч нарын талаар манай сайт үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэж хүргэнэ.
Энэ нь хэн нэгний ажилд хөндлөнгөөс оролцож нэр төрд нь халдаж байгаа хэрэг биш юм. Хүний биед мэс хүргэх онцгой эрх ганцхан эмч хүнд бий. Тиймээс алдах эрхгүй цагаан нөмрөгтнүүд энэ үйлдлээ дахин бүү давтаасай хэмээн сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа юм.
Үргэлжлэл бий
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ